Францын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе гэрээгээ сунгах асуудлаар “Пари Сен Жермен” клубтэй хэлэлцээ хийж байгаа тухай телевизийн ESPN суваг мэдээллээ.
Эх сурвалжид дурдсанаар, Мбаппе бямба гарагт “ПСЖ”-ний удирдлагатай уулзсан ба уг хэлэлцээ Парисын клубын хувьд нааштай үр дүнтэй болсон байна. Тодруулбал, гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2024 оны зун чөлөөт агентын хувиар багаасаа явахгүй гэдгээ Мбаппе амласан аж. Ийнхүү тохиролцсоны дараа ням гарагт үндсэн багийнхантай хамт бэлтгэл хийхийг Мбаппед зөвшөөрсөн тухай клуын ерөнхийлөгч Нассер Аль-Хелаифи мэдэгдлээ. Өмнө нь, хэдэн хоногийн өмнө клубтэй байгуулсан гэрээгээ 2025 он хүртэл сунгахаас татгалзсан Мбаппе багийнхнаасаа тусдаа бэлтгэл хийж эхэлсэн ба түүнийг Мадридын “Реал” багт очих гэж байгаа тухай хэвлэлүүдэд бичиж байсан билээ. Энэ үед “ПСЖ” клубын удирдлага “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэнгийн нүүрэн тал өлгөсөн Мбаппегийн постерыг буулгаж, түүний нэр зурагтай футболкийг клубын нэрийн барааны дэлгүүрийн лангуунаас хурааж авчээ.
Мбаппе 2017 онд ПСЖ-д ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тус баг Францын аваргаар 5 удаа, Францын цомын аваргаар 3 удаа шалгарсан билээ. Түүнчлэн тэрбээр Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 онд дэлхийн аварга болж, 2022 онд ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн юм.