Дэлхийн II дайн дууссаны 78 жилийн ойг тохиолдуулан Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мягмар гарагт зарим орнуудын хувьд милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог шинто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ.
Консерватив эрх баригч Либерал ардчилсан намыг тэргүүлдэг Ерөнхий сайд "масакаки" өргөлийг тус сүм рүү илгээсэн бөгөөд энэ удаад өөрийн биеэр очихоо тэвчжээ.
Ясукуни сүм нь дайны талбарт амь үрэгдэгсдийн сүнсийг хүндэтгэн XIX зууны дунд үеэс хойших 2.4 сая гаруй дайчдын нэрсийн жагсаалтыг хадгалдаг бөгөөд Дэлхийн II дайны дараах олон улсын шүүхэд дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн хүмүүсийн нэрс ч бас хадгалагддаг аж.
2013 оны 12 дугаар сард А.Шинзо тус сүмд биечлэн очсон нь, Бээжин, Сөүлийн дургүйцлийг хүргэсэн төдийгүй Токиогийн гол холбоотон АНУ энэ үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв.
Сүүлийн үеийн Ерөнхий сайд нар шүүмжлэл дургүйцлээс зайлсхийхийн тулд жилд гурван удаа хавар, намрын тахилгын үеэр болон Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсөн өдөр буюу наймдугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан Ясүкүни сүмд өргөл барьц илгээдэг болжээ.
1978 онд Ясүкүни сүм ариун бурхдад сүнсийг нь даатгасан дайчдын жагсаалтад дайны 14 гол гэмт хэрэгтнүүдийн нэрсийг нэмж оруулсны дотор дайны үед Ерөнхий сайд байсан генерал Хидеки Тожогийн нэр багтсан нь дотоод, гадаадад маргаан дэгдээсэн юм. Х.Тожог энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүүжлэн цаазалжээ.