Америкийн “SpaceX” компанийн орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны эхний улиралд ашигтай ажилласан тухай “Wall Street Journal” сонин пүрэв гарагт тус компанийн улирал, жилийн ажлын үр дүнгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий баримт бичгүүдээс эш татан мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр, “SpaceX” эхний улиралд 1.5 тэрбум ам.долларын орлого олж, 55 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Харин 2022 онд Илон Маскийн пуужингийн компани 4.6 тэрбум ам.долларын орлого олж, 559 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж тайланд дурдсан байна. Ингэснээр 2021 онд олсон орлогоо хоёр дахин өсгөж, алдагдлыг ойролцоогоор хоёр дахин бууруулжээ.
Тус компани “Starlink” интернэт хиймэл дагуулын үйлчилгээгээ хөгжүүлж, “мангас” гэгддэг “Starship” пуужингаар сансарт ачаа хүргэхээр шаргуу ажиллаж буйг дээрх мэдээлэл харууллаа.
“Starship” бол “SpaceX”-ийн амжилтын түлхүүр юм. Энэхүү пуужин нь “Starlink” сүлжээнд илүү олон хиймэл дагуулыг харьцангуй богино хугацаанд нэмж оруулах боломжийг олгож байгаагаас гадна хүмүүсийг сансарт нисгэх үйлчилгээг нэвтрүүлснээр арилжааны шинэ гарцыг нээх юм.