Төмөр замын осол гарсантай холбогдуулан дэлхий дээрх хамгийн урт Готардын хонгил замыг хаасан тухай Швейцарийн эрх баригчид мэдэгдлээ.
Энэ сарын 10-ны өдөр 16 вагон замаасаа гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэдгээрийг туннелиэс гаргах боломжгүй байна. Туннель 57 км урт тул вагонуудыг гаргах нь хялбар ажил биш юм.
Швейцарийн төмөр замын SBB компанийн Гүйцэтгэх захирал Винсент Дюкро хэлэхдээ, уг хонгил зам нь дэлхий дээрх хамгийн аюулгүй замуудын нэг хэвээр байгааг онцолжээ. Төмөр замын ослын үеэр хүний амь эрсдээгүй хэдий ч туннелийн байгууламжид их хэмжээний хохирол учирсан байна.
Одоогоор нийтдээ 8 км урт замыг засварлаж, 20 мянган ширхэг бетонон дэрийг солих шаардлагатай байна. Хонгилын нэг талын шугамд эвдрэл гараагүй тул 23-ны өдрөөс ажиллаж эхлэх боловч түүгээр зөвхөн ачааны галт тэрэгнүүд явах боломжтой ажээ. Тэгэхээр Швейцарийн хойд нутгаас өмнөд рүү явах зорчигчдын хувьд хуучин чиглэлээр, тойруу замаар аялахаас өөр аргагүйд хүрч байна. Гэхдээ байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудаар аялна гэдгийг төмөр замын удирдах газраас сануулжээ.
Готардын туннель бол Герман, Итали хоёрыг холбосон чухал магистраль зам бөгөөд 2022 онд Альпийн нуруугаар дамжсан ачааны 2/3-оос илүүг тээвэрлэжээ.
17 жилийн хугацаанд 12 тэрбум доллар зарцуулан барьсан уг нүсэр байгууламжийг 2016 онд нээсэн бөгөөд нээлтийн ёслолд Франц, Итали, Германы төрийн тэргүүн нар оролцож байв. Хонгил замыг ашиглалтанд оруулснаар Европын хойд нутгаас өмнөд рүү зорчих цаг хугацааг хэмнэж, авто замын ачаалал буурч, агаарын бохирдол багасчээ.
SBB компанийн таамаглаж байгаагаар, 2024 оны эхээр хязгаарлагдмал хүрээнд төмөр замын үйл ажиллагааг сэргээх бол хоёр шугам чухам хэзээ ашиглалтанд бүрэн орох вэ гэдэг талаар албаны хүмүүс тодорхой зүйл хэлсэнгүй.