Цаг үеийн мэдээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Өнөөдөр байгуулсан Санамж бичигт НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нандинзул нар гарын үсэг зурснаар талууд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм.  

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө 2019 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ын хамт олонд НЭМҮТ-ийн захирал, доктор С.Өнөрсайхан талархал илэрхийлж, хамтын ажиллагааны хүрээнд илүү үр дүнтэй, иргэдэд хүртээмжтэй ажиллахад хоёр тал анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.