Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүрэг Самбалхүндэв буюу хүмүүсийн хэлж заншсан 70 давхрын оршуулгын газарт бүтээн байгуулагдаж буй “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн”-ийн талбайд бурхан болоочдын чандар шүтээнийг залж мөнхжүүлэх ажил 2023 оны 09 сарын 09-ны  билигт сайн өдөр хийгдлээ.

Уг арга хэмжээ нь: 

- 07:30-08:30 цагт суваргад залах хэлбэрийг сонгосон бурхан болоочдыг залах

- 13:00-14:00 цагт модны хөрсөнд залах хэлбэрийг сонгосон бурхан болоочдыг залах гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд нийт бурхан болоочдын ар гэрийнхний оролцоотой холбогдох шашны зан үйлийг хийж гүйцэтгэн мөнхжүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь 14623 талийгаачдын булшийг  холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, хотын баруун, зүүн зүгт байрлах “Улаанбаатар буян” ХХК-ын чандарлах төвүүдэд түр хадгалж байсан юм. Тэгвэл энэ оны есдүгээр сарын 9-ны өдрийн бямба гаригт нийт бурхан болоочдын чандрыг үе шаттайгаар залж мөнхжүүлэх ажлыг эхлүүлсэн байна.