Цаг үеийн мэдээ

Үндэсний өв соёл, төрт ёсны уламжлал, монгол бөхийн торгон дэвжээ, шударга өрсөлдөөнийг сэргээш гэгч хорт бодис сэргээх биш мөхөөж байна. Монгол бөхийн босоо цагаан хийморийг шээс үнэртсэн, шивтэр ханхалсан хэвтээ шар хэрүүл сэвтээн хиртүүлсээр байгаа билээ. 

Шинэ арслан М.Бадарчийг сэргээш хэрэглэсэн гэж өнөөдөр ч албан ёсоор зарлаагүй ч Монголд гурван хүн мэдсэн зүйл болгон нууц биш гэгчээр албан бусаар нэрлэгдсэн. Өрсөлдөгч бөхдөө өвдөг шороодоогүй М.Бадарч өөрийн дөрвөн дугуйт дээрээсээ өнхөрч, гар шуу нь хугарлаа. Түрүү бөхийн яс хугарснаас гадна төрийн наадмын нэр хүнд сэвтэв. Монгол төрийн зарлиг, тушаал монгол наадмын нэр төр солонгос лабораторийн хуруу шил, түүн доторх хөөстэй шээсэн дээр тогтож байна. Шээс хэнийх вэ гэдгээс гадна шээс хүлээж авдаг, шээс илгээдэг газар нь өөрөө шинхэг шивтэр шингээгүй ариун цэврийн өрөө мөн үү гэдэг нь өөрөө асуудал. Элэгний Хатанбаатар гэдэг эмч халуун ам бүлээрээ өмчилдөг, хоёр хүү, хүргэнтэйгээ нийлж ажиллуулдаг хувийн гуанз шиг нэг айл, шилэн данс ч хөтөлдөггүй, цахим хуудсаа ч хөтөлдөггүй нууц бүлгэм шиг байгууллагад төрийн наадмын түрүү, үзүүр, төрийн тэргүүний зарлиг, олон арван бөхчүүдийн хувь заяаг өөрчлөх хэмжээнд итгэл төгс байж чадах уу? 

7-р сарын 12-нд Төв стадионд авсан шээс 7-р сарын 17-нд шинжилгээнд орсон, түүнээсээ ахиад 10 хоногийн дараа 27-нд эхний хариу ирсэн. Хүний шээснээс бөхийн шээс өөр байдаг юм уу? Хагас сарын дараа ирсэн хариунд итгэл төгс байж чадах уу? Өмнө нь хуулийн байгууллагаас 20 гаруй бөхийн нэр байгаа гэж зарлаад тасарсан сураг, тагларсан сэжүүр юу хэлдэг вэ? 

Манаачийг хэн манах вэ? гэдэг. Сэргээш гэдэг хоронд үндэсний өв соёлоо сэргэшгүйгээр мөхөөхгүйн тулд сэргээшний эсрэг байгууллага өөрөө сэргээшгүй ажиллаж чаддаг уу? гэх мэт асуултууд хариултгүй үлдэж байна. Шүүхэд итгэдэггүй гэцгээх мөртөө тэрийг ч цаазал, энийг ч дүүжил гэж орилдог нь бидний тэнэгрэлийг нотолдог.   

Сэргээш хэрэглэсэн нь эргэлзээгүй тогтоогдсон байлаа ч, цолоо хураалгаад шагналд авсан машин тэрэг, байр сууц, мөнгө төгрөг буцаагдахгүй. Хэрэглэсэн бөхөөс илүү түүнд унаж хохирсон бөхчүүдийн амжилт, ялалт хэзээ ч бүрэн нөхөгдөшгүй.