Цаг үеийн мэдээ

Спортын тайлбарлагч Э.Шижирийн хэлдгээр магтаад байгаа юм шиг мөртөө бодит байдал гэдэг шиг шоглоод байгаа юм атлаа бодит байдал учраас сэргээшний асуудлыг сэргээн хөндөхөөс аргагүй үйл явдал өрнөсөөр байна. Шээс дамжуулдаг газар нь шээс сольдог, допинг шалгадаг газар нь допинг шахдаг байсан нь чононд мах хадгалуулахын үлгэрийг өнөөдрийн гашуун үнэн  болгож байна. Допингийн төвд ажилтан байсан хүн “Одоо шүгэл үлээе дээ. Ах нартайгаа нийлээд чиний шээсийг сольсон хариуцлагаа би өөрөө хүлээнэ. Баримт нь байгаа болохоор удахгүй тавина” гэж  улсын начин Цэрэнтогтоход чат бичсэн нь дэлгэгдлээ. Дүүгүүр хэмээх Э.Цэрэнтогтох начин эхний удаад экс ажилтны нэрийг нууцалсан байна. 

МОНАДА-гийн тэргүүн Ж.Хатанбаатарын өрөөнөөс, түүний хүргэн, хадмынхаа толгойлдог төвийн захирал М.Мөнхболд, Биеийн тамир, спортын улсын хорооны Эмнэлгийн албаны дарга М.Булганы гэрээс нэгжлэг шалгалтаар бэлэн зэхээний сэргээш допингийн бодисууд илрүүлэн хурааж авлаа. Үндэс, чөлөөт бөхийн багш А.Батням, цагдаагийн “Хүч” спорт хорооны дасгалжуулагч Э.Мөнхдөл, пауэрлифтингийн гавьяат тамирчин Г.Дорж нар ч сэргээшний сүлжээний ченжүүд юм. Шалгадаг, хянадаг ажил үүрэгтэй эмч нар нь шинжлэхийн оронд шахдаг, сэргийлдэг зөвлөдөг багш нар нь өөрсдөө өв соёлоо сүйрүүлэх панз наймаа үсэргэдэг, улс орныхоо тугийг буулгаж эвхүүлэх хориотой бодис арилждаг юм байна. Ж.Хатанбаатар эмч хувийнхаа мэйл хаягаар шинжилгээний дүн хүлээж авдаг гэх зэрэг шивтэр ханхалсан шээс үнэртсэн баримтууд сэргээшний хяналт гэдэг зүйл хар зах дээр гарч, хэрхэн яаж завхарсныг нотолдог. 

Гуч гаруй бөхийн нэр байгаа гэж хууль хяналтынхан хэдэн жилийн өмнө зарлаад таг болсон, хэн дуртайнхаа хувь тавилангаар тоглодог, хэн төлснийх нь шээсийг сольдог талаар спортын ертөнцөд яригдаад олон жил болж байна. Б сорьцоо өгөх эсэхээ шийдэхээс нь өмнө хэвлэлээр нууц биш болгон намнадаг, тамирчны эрхийг зөрчдөг, төр шээсний бортогонд хуруугаа дүрж оролцдог зэрэг нь бүгд WADA-гийн дүрэм журмыг зөрчин улсаараа дэлхий дахинд бандуулах, улсаараа олимпод толгой гудайлган оролцох аюул дээр авчирлаа. Хатанбаатарыг Хаанбаатараар сольсноор асуудал цэгцрэхгүй. Ил тод, шударга ажиллуулах арга механизм, шинэ бүтэц бүхэл тогтолцоог босгохгүй бол жил бүрийн наадмын дараах шээсний хэрүүл тасрахгүй. Төрийн дууллын эгшигт, албан соёмбот далбааны намираанд тусгаар тогтнол бий.

Таны сурталчилгаа