Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотын Версалийн хааны Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. 

Энэхүү хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар оролцлоо. Хүндэтгэлийн тоглолт нь  соёлын өв, уламжлалт урлагаараа дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлан таниулах, Монгол, Франц хоёр улсын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдлаа. 

“Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан удирдаж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”, Морин хуурын чуулгын гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатарын дуулснаар монгол ардын уртын дуу “Урьхан хонгор салхи”, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны бүтээл “Сэтгэлийг эгшиг” зэрэг монгол түмний сор болсон бүтээлээр сонсогч олныхоо сонорыг мялаалаа. 

Монгол Улсын Соёлын Элч-Морин хуурын чуулга үргэлжлүүлэн Франц улсын Нант хотын Консерваторын Дебюсси танхимд Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаагаа тоглолт хийж, Франц Улсын үзэгч, хөгжим сонирхогчдод  морин хуурын гайхамшигт хөг аялгууг сонирхуулах юм.

Таны сурталчилгаа