Израил болон Палестины Хамас бүлэглэлийн мөргөлдөөн эхлээд бараг долоо хонож байна. Мөргөлдөөний улмаас Израилын 1,200, Палестины 1,500 орчим хүн амь насаа алдаад байна.
Газад цогцос хадгалах газруудын багтаамж хэтэрсэн бол Израилд оршуулгууд шил дараалан үргэлжилсээр байгаа ажээ. Хамас Израилаас 97 хүнийг барьцаанд авсан бөгөөд барьцааны иргэдийг суллах хүртэл Газад ус дулаан, эрчим хүч, шатахуун, ундны ус өгөхгүй гэдгийг Израилын Засгийн газар анхааруулжээ.
НҮБ-ын мэдээллээр Газын зурвасаас 338,000 иргэн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Дэлхийн хүнсний хөтөлбөр, Human Rights Watch зэрэг олон улсын байгууллагууд Газад хүмүүнлэгийн тусламж нэн даруй шаардлагатай байгааг сануулсаар байна.
Унгар, Австрали зэрэг орнууд мөргөлдөөн цаашид улам хүндэрч болзошгүй тул Израилд байгаа иргэдээ эргүүлэн татаж эхэллээ. Энэ долоо хоногийн эхэнд Унгар улс 325 иргэнээ татсан бол сүүлд дахин 65 иргэнээ татжээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албанисын хэлснээр Израилд байгаа 1,600 иргэнээ эргүүлэн татахын тулд Кантас нислэгийн компанийн хоёр онгоцыг бэлдсэн байна.
Энэ хооронд Ираны Гадаад хэргийн сайд Хуссейн Амир-Абдоллахиан Газ болон Палестины эсрэг дайны гэмт хэрэг үргэлжилсээр байвал дэлхийн шинэ дайныг өдөөсөндөө Израил хариуцлага хүлээх ёстой болно гэж анхааруулжээ. Мөн Израилд тусалж байгаа барууны зарим орнууд ч үүнд хамааралтай гэдгийг сануулсан байна.
Израилын армийн бие бүрэлдэхүүн Газын ойролцоо олон тоогоор цугласан бол Ливаны Хезболла бүлэглэл Палестины талаас дайнд нэгдэж болзошгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.