Палестины Хамас бүлэглэл Израилд гэнэтийн цохилт өгч дайн өдөөснөөс хойш 10 орчим хоног болж байна. Газ хотын эмнэлгүүд мөргөлдөөний улмаас гэмтэж бэртсэн иргэдээр дүүрсэн ба Израил Газ дахь эрчим хүч, хоол хүнс, ундны ус, түлш шатахууны хангамжийг таслаад байгаа юм.
НҮБ Израилыг хүмүүнлэгийн тусламжийн коридор нээхийг уриалсан ч Израил Газад явган цэргийн ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа тул хойд нутагт суурьшсан 1,1 сая иргэнийг өмнөд рүү нэн даруй нүүхийг шаардсан. Тэгвэл НҮБ Газ хотын эмнэлгүүдэд түлш шатахууны ердөө 24 цагийн нөөц үлдсэн гэдгийг анхаарууллаа.
Хэрэв эмнэлгийн генераторууд түлшгүй болж унтарвал эмнэлэгт байгаа олон мянган өвчтөн амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүснэ. Мөргөлдөөний үеэр гэмтэж шархадсан иргэдийг аврахын тулд эмнэлгүүд нэг хоногт бүтэн сарын нөөцөө ашиглаж байгаа ажээ.
Палестины удирдагч Махмуд Аббас Хамас бүлэглэл Палестины ард түмнийг төлөөлж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна. Палестины WAFA мэдээллийн агентлаг Аббас Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой утсаар ярих үеэр энэ тухай хэлсэн гэжээ. Мөн Аббас иргэдийн амь насанд халдсан явдалд Хамас бүлэглэл, Израилыг аль алиныг нь буруутгаж, талуудыг барьцааны иргэд, хоригдлуудыг суллахыг шаардсан байна.
Израилд амь үрэгдсэн хүний тоо 1,400 давсан бол Газад 2,500 орчим иргэн алагдаад байна. Палестины эрх баригчид дахин 1,000 орчим хүн сураггүй болсон бөгөөд тэдгээр хүмүүс агаарын дайралтын үеэр нурж сүйдсэн барилга байшингийн нуранги доор дарагдсан гэж үзэж байна.