Францын нийслэл Парис хот дахь алдарт Луврын музейд өнгөрсөн бямба гарагийн өглөө заналхийлсэн утгатай захидал иржээ. Израил, Хамасын мөргөлдөөнөөс сэдэлтэйгээр баасан гарагт Аррас мужид халдлага гарсан тул аюулгүй байдлыг өндөржүүлсэн хамгаалалтай байгаа юм.
Заналхийлсэн захидал ирсний дараа музейн бүх ажилчид болон 15,000 үзэгчийг нэн даруй гаргаж бүхэл өдрийн турш хаалгаа барьжээ. Луврын музейн захиргаа аюулгүй байдлыг хамгаалж, шаардлагатай шалгалтуудыг хийхийн тулд үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоосон гэдгээ мэдэгдсэн байна. Тасалбар захиалсан иргэдийн хохиролыг барагдуулахаар болжээ. Луврыг хаасны дараа Версалийн ордныг мөн хааж үзэгчдийг гаргасан байна.
Израил, Хамасын мөргөлдөөний дараа Палестиныг дэмжсэн бүх жагсаалыг хориглох шийдвэрийг Францын Засгийн газар гаргасан. Болзошгүй террорист халдлагаас сэргийлж өнгөрсөн амралтын өдрүүдэд улс орон даяар 7,000 цэргийг тараан байршуулжээ.
Гамбетта-Карнот сургуульд баасан гарагийн өглөө Францын утга зохиолын багш Доминик Бернардыг хутгалж хороосон явдал гарсан. Уг халдлагын үеэр сургуулийн гурван ажилтан шархадсан юм. Хэрэгт холбогдуулан 20 настай Мохаммед М гэгийг баривчлан саатуулж мэдүүлэг авч байна. Цагдаа нар уг халдлагыг террорист халдлага гэж сэжиглэж байгаа юм.
Лувр нь дэлхийн хамгийн том музей бөгөөд Леонарда Да Винчигийн Мона Лиза зэрэг алдартай бүтээлүүдийн эх хувилбар хадгалагдаж байдаг тул өдөртөө 40,000 хүртэл аялагч жуулчдыг хүлээж авдаг байна.
Эх сурвалж: theguardian.com