Цаг үеийн мэдээ

Хонконгийн олон улсын нисэх буудлын ажилтнууд цахилгаан тэргэнцрийн суудал дотор нуусан байсан сэжиг бүхий 11 кг кокайныг олж илрүүлжээ. Өнгөрсөн бямба гарагт гаалийн шалган нэвтрүүлэх хэсгээр дамжин өнгөрсөн 51 настай эрэгтэйн тэргэнцрээс олдсон кокайн 1,5 сая ам.долларын үнэ хүрэх юм байна.

Карибын Синт Мартен улсаас ирсэн эрэгтэйг баривчлан саатуулжээ. Хэрэв тэрээр хууль бус, аюултай мансууруулах бодис хил дамнаж тээвэрлэсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол бүх насаараа хоригдох ял сонсоно. Сэжигтэн Хонконгийн иргэн биш бөгөөд өөрийгөө машин түрээсэлдэг компанийн захирал бөгөөд цахилгаан тэргэнцрийг найзаасаа зээлсэн гэж мэдүүлжээ. 

Хонконг нь хууль бус мансууруулах бодисын наймаа өндөр эрсдэлтэй бүс тул ойрын жилүүдэд хяналт шалгалтыг сайжруулаад байгаа юм. Гаалийн албаныхан 2021 онд онц аюултай мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг оролдсон 906 тохиолдол илрүүлсэн бол 2022 онд 931 тохиолдол илрүүлжээ. Өнгөрсөн жил хууль бус мансууруулах бодисын тээвэртэй холбоотой 178 хүнийг баривчлан саатуулсан байна. 

Өнгөрөгч оны 11 дүгээр сард Нью-Йоркод 450,000 ам.долларын кокайныг тэргэнцрийн дугуй дотор нуусан тохиолдол илэрч байжээ. Мөн Италийн Милан хотод өнгөрсөн жилийн есдүгээр сард 1,6 сая ам.долларын кокайныг цахилгаан тэргэнцрийн бүрээсэнд нуусан байжээ.

Эх сурвалж: BBC 

Таны сурталчилгаа