Цаг үеийн мэдээ

Эквадорын Ерөнхийлөгч Гиллермо Лассо Парламентыг тараасны дараа Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, шинэ төрийн тэргүүнийг сонголоо. Тус улсад болсон сонгуульд гадилын зах зээлээс төрөн гарсан чинээлэг эрхмийн 35 настай хүү Даниел Нобоа ялалт байгуулсан байна.

Тэрээр Эквадор улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч боллоо. Сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар Нобоа 52,3 хувийн саналаар ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч Луйса Гонзалез 47,7 хувийн саналаар ялагдал хүлээсэн байна. Ойролцоогоор 17 сая хүн амтай улсын 10 орчим сая иргэн Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуульд саналаа өгчээ.

Нобоа 2025 оны тавдугаар сар хүртэл жил хагас орчмын хугацаанд Эквадорын Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж, дараагийн сонгуульд дахин өрсөлдөх боломжтой юм. Нобоагийн эцэг Алваро Нобоа Ерөнхийлөгчид таван удаа нэр дэвшиж байсан ч ялалт байгуулж үзээгүй байна. 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч авлига хээл хахууль, улс оронд газар авсан зэвсэгт хүчирхийллийн эсрэг тэмцэхээ амлалаа. Эквадор улсад сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчирхийлэл огцом өсөж, өнгөрөгч наймдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Фернандо Виллависенсио зэвсэгт этгээдүүдийн гарт амиа алдсан юм. 

Эквадор нь дэлхийн кокайны гол үйлдвэрлэгч Колумб, Перу улсуудын дунд байрладаг тул газарзүйн байршлаас шалтгаалж хууль бус мансууруулах бодисын наймаа, зэвсэгт халдлагын үүр болоод байгаа юм. 

Таны сурталчилгаа