Цаг үеийн мэдээ

Израил, Хамас бүлэглэлийн мөргөлдөөн эхэлсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Израилд айлчлаад байсан. Блинкений айлчлалын дараа Ерөнхийлөгч Жо Байден Израилд лхагва гарагт айлчлахаар болжээ. 

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяхутай уулзаж, Израил улсын өөрийгөө хамгаалах эрхийг тодотгоно гэж Блинкен мэдэгдээд байна. Блинкен, Нэтаньяху нарын долоон цаг орчим үргэлжилсэн уулзалтын дараа Байдены айлчлал баталгаажлаа. Израил Хамас бүлэглэлийн эсрэг Газад хуурай газрын довтолгоо явуулахаар бэлтгэлээ базааж байгаа юм. 

Байден Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах Эль Сиси болон Иракийн Ерөнхий сайд Шиа Аль Суданитай утсаар ярьжээ. АНУ-ын явуулж буй дипломат ажиллагааны үр дүнд ундны ус, эрчим хүч, хоол хүнсний хангамж тасалдаад байгаа Газад хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрсөн тухай Цагаан ордон мэдэгдсэн байна. Тусламжийн бараа ачсан цуваа Египетийн Синайн хойгоос Газын зурвас руу хөдөлсөн гэж Reuters мэдээлжээ. 

Хамас бүлэглэл 200 орчим хүнийг барьцаалсан бөгөөд Израилын шоронд хоригдож байгаа 6,000 хоригдлоор солилцоо хийхийг хүсэж байна. Талуудын мөргөлдөөн эхэлснээс хойш Газ болон Израилд нийт 4,000 гаруй хүн амь эрсдэж, 10,000 гаруй хүн гэмтэж шархадсан мэдээлэл байна. 

Таны сурталчилгаа