Цаг үеийн мэдээ

Европын Холбооны төв Бельгийн нийслэл Брюссель хотод буутай этгээд Швед улсын хоёр иргэнийг буудаж хороожээ. Хотын төвд болсон халдлагыг Исламын улс зэвсэгт бүлгийн турхирсан террорист халдлага гэж үзсэн бөгөөд сэжигтнийг баривчилж чадаагүй байна.

Гэмт этгээд хотоор чөлөөтэй зорчиж байгаа тул оршин суугчдыг нэн даруй гэртээ харих, гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж хот даяар аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгааллаа. Халдлага болсон газраас ердөө таван км-ын зайд Кинг Бодуин цэнгэлдэх хүрээлэнд Шведийн үндэсний хөлбөмбөгийн баг Бельгийн эсрэг тоглож байжээ. Тоглолт дундаа орж байсан ч халдлагын дараа 35,000 үзэгчийн аюулгүй байдлыг хамгаалахаар цэнгэлдэх хүрээлэнг хамгаалалтад авсан байна. 

Бельгийн хэвлэлүүдийн мэдээлснээр хохирогчид Шведийн үндэсний шигшээ багийн өмсгөлтэй байжээ. Харин сэжигтэн гэрэлтдэг улбар шар өнгийн хүрэмтэй байсан ба автомат буутай байжээ. Халдлага үйлдсэнийхээ дараа сэжигтэн скүтертэй хэргийн газраас зугтсан байна. Гэмт этгээдийн бууны суманд өртсөн таксины жолооч шархдан эмнэлэгт хүргэгджээ. 

Израил, Хамасын мөргөлдөөний улмаас Европ даяар аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалах шаардлагатай болоод байгааг Европын удирдагчид анхааруулж байна. Бельги улс даяар гуравдугаар түвшний, Брюссель хотод дөрөвдүгээр түвшний аюулгүй байдалд шилжжээ. Бельгиэс гадна Франц, Их Британи улсуудад Израил, Хамасын мөргөлдөөнөөс үүдэлтэй гэмт халдлагууд хэдийнэ бүртгэгдээд байна.

Таны сурталчилгаа