АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил улсад газардаад байна. Тэрээр орон нутгийн цагаар пүрэв гарагт Израилын Парламентын танхимд үг хэлэхээр товложээ.
Байден Израилд ирснийхээ дараа Газад байгаа ард иргэдэд тусламж хүргэх асуудлыг шийдвэрлэсэн байна. Энэ баасан гарагаас эхлэн Газад хүмүүнлэгийн тусламжийн бараа хүргэгдэнэ. Ингэхдээ Египет улсаар дамжин Газад хүрэх юм байна. Байден Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах эль Сиситэй утсаар ярьсны дунд уг тохиролцоог хийжээ.
Тусламжийн бараа ачсан ойролцоогоор 20 орчим ачааны машин Египетээр дамжин Газад хүрнэ. Харин Израил уг цувааг саатуулахгүй гэсэн амлалт өгчээ.
Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак энэ долоо хоногийн сүүлээр Израилд айлчлахаар болсон байна. Риши Сунак Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху, Ерөнхийлөгч Исак Херзог нартай уулзаж дайны хөлд амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, Газын иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийг уриална гэж эх сурвалж мэдээлжээ.
Израилын Газ дахь агаарын довтолгоо үргэлжилсээр байна. Газын Эрүүл мэндийн газраас 1,300 хүн сураггүй байгаагийн тэн хагас нь хүүхдүүд гэжээ. Ойрх Дорнодын орнуудад Газын эмнэлгийг бөмбөгдөж 500 орчим хүн амь үрэгдсэн дайралтыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл газар авсан байна. Өрнөдийн зарим орнуудад Израилыг дэмжсэн жагсаалууд ч болжээ.
Энэ сарын 7-ны өдөр Палестины Хамас бүлэглэлийн гэнэтийн довтолгоогоор эхэлсэн мөргөлдөөний улмаас Израилд 1,400, Палестины 3,500 иргэн амь үрэгдээд байна.