Андоррын гүнт улсаар дамжуулан зүүн Европоос Испани руу хууль бусаар амьтдыг импортолж худалдаалдаг байсан сүлжээг Испани улсын цагдаа нар илрүүлсэн байна. Уг сүлжээг илрүүлснээр хууль бусаар зарагдах гэж байсан 400 гаруй амьтныг аварчээ. Эдгээр амьтдын дийлэнх нь муур, нохойнууд байсан ба зах зээлд өндөр үнэ хүрэх ховор үүлдрийн амьтад ч байжээ.
Хууль бус амьтан наймаалах бүлэгт холбогдолтой 13 хүнийг баривчлан саатуулж, мөнгө угаасан, залилан мэхэлсэн, амьтан хүчирхийлсэн зэрэг хэрэгт буруутгаж байна. Гэмт этгээдүүд амьтдыг худалдаалахын тулд эрүүл гэсэн хуурамч бичиг баримт үйлдсэн байжээ. Үнэн хэрэгтээ тэдгээр амьтдыг хүнд хэцүү нөхцөлд тээвэрлэж, өвчлүүлсэн байжээ.
Гэмт бүлэглэлийн сүлжээг илрүүлэхийн тулд цагдаагийн албан хаагчдын хамтарсан ажиллагаа есдүгээр сард эхэлсэн байна. Одоогоос гурван жилийн өмнө Барселонагийн цагдаагийн газарт амьтны дэлгүүрээс 33 өвчтэй нохой олдсон тухай гомдол анх ирж байжээ.
Испани улсад өнгөрсөн сард амьтдыг эзэмших болон худалдаалах дүрэм журмыг чангатгасан хууль баталсан байна. Шинэ хуулиар гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүрт амьтан худалдахыг хориглосон ба хууль зөрчсөн тохиолдолд 200,000 еврогийн торгуулиас хорих хүртэл ял шийтгэл оноох ажээ.
Эх сурвалж: BBC