БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” төслийн 10 жилийн ой тохиож байна. Хятадыг төв болон зүүн өмнөд Ази, Европ цаашлаад бүх дэлхийтэй холбох тус санаачилгын дээд хэмжээний уулзалт Бээжинд болж, дэлхийн 130 гаруй орны төлөөлөгчид уригдан ирсний дотор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин багтсан юм.
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Украин руу цэргээ оруулан дайн эхлүүлж өрнөдийн орнуудтай зөрчилдөж байгаа Путины хувьд хилийн чанадад айлчлах нь тун ховор тохиолдол билээ. Путин Бээжин дэх айлчлалаараа Орос, Хятад хоёр орны эв найрамдалт харилцааг тодотгож, Ши Жиньпин даргад баяр хүргэсэн байна.
Түүнчлэн Путин Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Ойрх Дорнодын нөхцөл байдал, Украины дайн зэрэг гадаад заналхийлэл нь Орос-Хятадын харилцааг улам ойртуулж, харилцан нөлөөллийг хүчирхэгжүүлж байна гэдгийг хэлжээ. Хятадын хэвлэлүүдэд нийтэлснээр Орос-Украины дайн, Израил-Хамасын мөргөлдөөн зэрэгт Бээжин Орос эсвэл Хамасыг зэмлэн буруутгасан байр суурь илэрхийлээгүй байгаа юм.
Ойрх Дорнодын хямрал дахин хурцадсанд Орос, Хятад гал зогсоохыг уриалсан байр сууриа илэрхийлсэн. Харин “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойд уригдсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газын иргэдэд нэн даруй хүмүүнлэгийн тусламж хүргэхийг үг хэлэх үеэрээ олон улсад хандан уриалжээ.