Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-д албан айлчлалаа эхлүүллээ. Олон улсын ажиглагчид түүний айлчлал Оросын Ерөнхийлөгч Владимир Путины Умард Солонгост хийх айлчлалын бэлтгэл гэж таамаглаж байна. 

Лавров Пхеньянд ирснийхээ дараа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг бүрэн дэмжихээ амлаж, Украинтай хийж буй дайнд үзүүлж буй дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлжээ. АНУ өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос Орос руу Украины дайнд ашиглах зориулалттай их хэмжээний зэвсэг илгээсэн тухай мэдээлээд байсан юм. 

Өнгөрөгч есдүгээр сард Умард Солонгосын удирдагч ОХУ-д айлчилсан бөгөөд Ким Жон Ун цар тахал гарснаас хойш анх удаа хилийн чанадад хөл тавьсан билээ. Тус айлчлалаар Владимир Путин, Ким Жон Ун нар цэрэг арми, зэвсгийн салбарт хамтран ажиллах тухай тохиролцоонд хүрсэн гэж өрнөдийнхөн таамагласан. Лавров төрийн тэргүүнүүдийн харилцан зөвшилцсөн амлалтуудыг хэрэгжүүлэх талаар Умардын талтай хэлэлцсэн гэж эх сурвалж тайлбарлаж байна. 

Одоогоор Лавров удирдагч Ким Жон Унтай уулзах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд 2018 онд Пхеньянд ирж байжээ. 

Хэрэв Пхеньян Москвад зэвсэг нийлүүлсэн нь баталгаатай болбол НҮБ-ын хоригийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. АНУ-ын тагнуулын алба Умард Солонгос Орос руу хэдийнэ зэвсэг тээвэрлэж эхэлсэн тухай мэдээлсэн. Хиймэл дагуулын зурагнаас ойролцоогоор 300 чингэлэг бүхий ачаа Нанжин боомтоос Оросын дорнод эрэгт хүргэгдсэнийг тогтоожээ. 

 

Таны сурталчилгаа