Цаг үеийн мэдээ

Хүмүүнлэгийн тусламж ачсан эхний ачааны машинуудыг аравдугаар сарын 21-ний бямба гарагт Рафах шалган нэвтрүүлэх боомтоор Газын зурвас руу нэвтрүүлжээ. Хүмүүнлэгийн ачааг нэвтрүүлж буй бичлэгийг Египетийн телевизээр шууд үзүүлсэн байна. 

Израилын эрх баригчид эм, хоол хүнс ачсан 20 ачааны машиныг Газын зурвас руу нэвтрүүлэхийг зөвшөөрсөн ч боловч шатахуун оруулаагүй байна. Ачааны машинуудыг хилээр гарсан даруйд шалган нэвтрүүлэх боомтыг дахин хаажээ.

НҮБ-аас мэдэгдэж байгаагаар, тус нутгийн хоёр сая хүнд тав дахин их хүмүүнлэгийн тусламж, эмнэлгүүдэд цахилгаан үүсгүүр ажиллуулах, цэвэр ус авах шатахуун яаралтай хэрэгтэй байна. 

Аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл халдсаны дараа Израилын эрх баригчид Газын зурвасын цахилгаан эрчим хүчийг тасалж, ус, хоол хүнс, эм тарианы хангамжийг зогсоожээ.

20 ачааны машин бүхий цувааг нэвтрүүлэх шийдвэрийг НҮБ-ын төлөөлөгчид холбогдох талуудтай хэдэн өдрийн турш  хэлэлцээ хийсний дараа гаргасан байна.

Одоогийн байдлаар Рафах хилийн боомтод зайлшгүй шаардлагатай эм тариа, хоол хүнс, ус ачсан нийт 175 ачааны машин гацаад байгаа бөгөөд нэвтрэх зөвшөөрөл хүлээж байна.

Израилын эрх баригчид Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж илгээсний дараа ХАМАС бүлэглэл хураахгүй гэсэн баталгаа шаардаж байгаа юм.

НҮБ-ын төлөөлөгч бямба гарагт мэдэгдэхдээ "ийм баталгааны талаарх журмыг хэлэлцэж байна" гэжээ. Тусламжийн байгууллагууд мөн хүмүүнлэгийн цуваагаар шатахуун нэвтрүүлэхийг зөвшөөрөх талаар Израилтай хэлэлцээ хийж байна.

Рафах нь Египеттэй залгаа Газын зурвасын өмнөд хэсгийн боомт бөгөөд бүслэлтэд ороод байгаа тус нутагт тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрсөн цорын ганц гарц юм. Бусад шалган нэвтрүүлэх цэгүүдийг Израилын цэргүүд хаажээ.

Таны сурталчилгаа