1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Английн шигшээ багийг түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, “Манчестер Юнайтед” багийн агуу тоглогч Бобби Чарльтон 86 насандаа таалал төгсжээ.
Б.Чарльтон бямба гаргийн өглөө гэр бүлийнхнийхээ хажууд тайван нойрссон гэж Английн хөл бөмбөгийн холбоонд илгээсэн түүний гэр бүлийн мэдэгдэлд дурдсан байна.
“Манчестер Юнайтед” клуб түүний гэргий хатагтай Норма, түүний охид, ач зээ нар болон түүнийг хайрладаг бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлээд "клубийн түүхэн дэх хамгийн агуу, хамгийн хайртай тоглогчдын нэг" байсан хэмээн мэдэгджээ.
Бүх цагийн үеийн хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэгд тооцогддог хагас хамгаалагч, довтлогч Чарльтон “Манчестер Юнайтед”-ийн бүрэлдэхүүнд 758 тоглолтод оролцож, 17 жилийн хугацаанд тус клубийн төлөө 249 гоол оруулжээ.
Тэрбээр мөн Английн шигшээ багийн төлөө 106 тоглолт хийж, 49 гоол оруулсан нь 2015 онд Уэйн Рүүниг эвдэх хүртэл 45 жилийн турш хадгалагдсан Английн дээд амжилт бөгөөд Английн шигшээ багийг нутагтаа дэлхийн аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Чарльтон бол Пеле, Эйсебио, Бобби Мур, Гарринча, Франц Беккенбауэр нарын хамтаар тухайн цаг үеийн шилдэг тоглогчдын нэгд тооцогддог. Тэрбээр 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтаараа “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн юм.
Тэрбээр зодог тайлсныхаа дараа “Манчестер Юнайтед” клубийн захирлаар 39 жил ажиллажээ.