Энэ сарын 7-ны өдөр Израил руу гэнэт довтолж, 200 орчим иргэнийг барьцаалсан Палестины Хамас бүлэглэл өчигдөр барьцааны хоёр иргэнийг сулласнаар гурван долоо хоног орчмын дотор нийт дөрвөн барьцааны хүнийг суллаад байна.
Хамас бүлэглэл Израилын иргэд болох 79 настай Нурит Купер, 85 настай Йохевед Лифшиц гэсэн хоёр эмэгтэйг суллажээ. Өндөр настай, эрүүл мэндийн байдал нь сайнгүй хоёр эмэгтэйг барьцаанаас суллахад Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд тусалсан байна. Нийгэмлэгийн ажилтнууд барьцааны иргэдийг Газаас Израил руу хил нэвтрүүлж эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.
Барьцаанаас суллагдсан иргэд гэр бүлийнхэнтэйгээ эсэн мэнд уулзжээ. Израилын Батлан хамгаалах хүчин Хамас бүлэглэлийн барьцаанд 222 иргэн үлдсэн гэж үзэж байна.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан НҮБ-ын 34 ачааны машин Газ руу нэвтэрсэн бол өчигдөр дахин 20 ачааны машин бүхий цуваа Газад нэвтэрчээ. Хэдийгээр эм бэлдмэл, ус, хоол хүнсний тусламж илгээж байгаа ч палестинчуудад шатахууны ердөө хоёр хоногийн нөөц үлдсэн байна. Мөргөлдөөн эхлэхээс өмнө Газ руу өдөрт 500 орчим ачааны машин нэвтэрдэг байсан гэж НҮБ мэдээлжээ.