Бор, цагаан өнгийн португал мастиф үүлдрийн Боби нохой 1992 оны тавдугаар сарын 11-ний өдөр мэндэлж байжээ. Өхөөрдөм Боби 31 жил 165 хоногтойдоо нас барснаар дэлхийн хамгийн урт насалсан нохойн дээд амжилтыг тогтоолоо.
Боби нүд аних хүртлээ Португалийн Конкейрус тосгонд Лионел Коста болон түүний гэр бүлийн хамт амьдарчээ. Түүнийг нас барсны дараа дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн хороо эмгэнэл илэрхийлсэн байна. Боби энэ жилийн хоёрдугаар сард дэлхийн хамгийн хөгшин нохой болж дээд амжилтын гэрчилгээгээ гардаж авчээ.
Гиннесийн номд бичигдсэнээр 23 нас 7 хоногтой Спайк нэртэй чихуахуа үүлдрийн нохой хамгийн урт насалсан нохойн амжилтыг эзэмшиж байсан юм. Түүнээс ч өмнө 1939 онд 29 нас таван сартайдаа нас барсан Австралийн үхэрчин үүлдрийн Блюй нохой манай дэлхий дээрх хамгийн урт настай нохой байжээ.
Бобиг 1992 онд төрсний дараа Португалын малын эмч нарын үндэсний холбоо мэдээллийг нь баталгаажуулж хадгалсан байна. Португал мастиф үүлдрийн нохой ихэвчлэн 12-14 насалдаг ажээ.