НҮБ Израил, Палестины асуудлаар хуралдаж байна. Хуралдааныг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэлжээ. Гутерреш хэлсэн үгэндээ Хамас бүлэглэлийн аравдугаар сарын 7-нд эхлүүлсэн хүчирхийллийг зөвтгөх аргагүй ч уг халдлагад Палестины ард иргэдийг нийтэд нь шийтгэж болохгүй гэжээ. Түүнчлэн Газад олон улсын хүмүүнлэгийн хууль дүрэм зөрчигдөж байна. Зөрчил мөргөлдөөнд оролцож байгаа аль ч тал олон улсын хууль дүрмээс дээгүүр байр суурь эзлэхгүй хэмээн нэмж хэлсэн байна. Мөн Гутерреш палестинчуудыг 56 жилийн турш хавчлага дарамтад байсан тул Хамасын дайралт хий хоосон зүйл биш гэжээ.
Үүний хариуд Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн ууртайгаар түүн рүү хуруугаа чиглүүлж, дуугаа өндөрсгөн Израилын түүхэнд Хамас бүлэглэлийн дайралтаар хэчнээн хүн, хүүхэд амь эрсэдсэнийг хэлсэн байна. НҮБ дахь Израилын төлөөлөгч Гилад Эрдан Х цахим сүлжээнд НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш терроризм, аллагын учир шалтгааныг ойлгож байгаагаа илэрхийлснийхээ хариуд огцрох ёстой гэж шаарджээ.
Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан гурван цуваа Газад нэвтэрсэн боловч эдгээр тусламж нь далайд дусал мэт байгаад Гутерреш сэтгэл дундуур байна. Хэрэв өнөөдрийн дотор Газад түлш шатахуун, эрчим хүч нийлүүлэхгүй бол хүн амьдрах боломжгүй болж байгааг НҮБ-ын төлөөлөгч сэрэмжлүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Хамас бүлэглэл, Израилын мөргөлдөөний улмаас Газад 5,800, Израилд 1,400 гээд нийт 7,200 гаруй хүний амь нас эрсэдсэн байна. Сүүлийн 24 цагийн дотор Израилын агаарын дайралтын улмаас Палестины 700 иргэн амиа алджээ.