Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон долоо хоногийн эхэнд Израил улсад айлчилсан бөгөөд тэрээр Ойрх Дорнодын орнуудаарх айлчлалаа үргэлжлүүлж байна. Макрон Египетийн нийслэл Каир хотод Ерөнхийлөгч Абдель Фаттах эль Сисигийн хамт хийсэн хэвлэлийн хурал дээр хэрэв Израил Газын зурваст явган цэргийн ажиллагаа явуулбал алдаа хийх болно гэдгийг сэрэмжлүүлжээ.
Макрон хэдийгээр Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй ч энгийн ард иргэдийн амь нас үрэгдэж, олон улсын хууль дүрэм зөрчигдөх эрсдэлтэй гэдгийг анхааруулсан байна.
Түүнчлэн өнөөдөр үдээс хойш гэхэд түлш шатахууны хомстолд орсны улмаас үйл ажиллагаа зогсооход хүрсэн Газын 20 гаруй эмнэлэгт туслахын тулд Макрон ирэх 48 цагийн хугацаанд тэнгисийн цэргийн усан онгоцоо илгээхээ мэдэгдлээ. Мөн Газад хүргэх эмнэлгийн тоног төхөөрөмжийг онгоцоор Египет улсад хүргэж, тэндээс Газ руу тээвэрлэх тухай ярьсан байна.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Газад явган цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа бөгөөд тун удахгүй эхлүүлнэ гэдгийг хэлсэн байна. Одоогоор тодорхой хугацаа товлоогүй байгаа ажээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Израилд хийх байсан айлчлалаа цуцалсан гэдгээ өчигдөр мэдэгдлээ. Тэрээр Израил Газын иргэдэд хэтэрхий хүнлэг бус хандаж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.