Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газар, “Монголын барилгачдын нэгдсэн холбоо”, “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ хамтран барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн бүсчилсэн хэлэлцүүлгийг Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Ховд, Завхан зэрэг баруун бүсийн 9 аймгийн газрын алба, хувийн хэвшлийн нийт 130 гаруй төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нээж, үг хэлэхдээ: Барилгын салбарын нэгдүгээрт "ХҮН" байх ёстойг сануулж, цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилтыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагуудаас хүслээ. Мөн барилгын компаниудын үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр аж ахуй нэгжүүдийн байр суурийг сонслоо.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Эх орныхоо бүтээн байгуулалт, төрөлх Баянхонгор аймгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Б.Доржид хүндэтгэл үзүүллээ.
Сайд Ц.Даваасүрэн Баянхонгор аймгийн дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй цэвэр бохир, дулааны шугамын ажлын явцтай мөн танилцлаа.
Баянхонгор аймгийн гэр хорооллын айл өрхүүдийн 20 гаруй хувь нь цэвэр бохир, дулааны шугамд холбогджээ. 2024 он гэхэд нийт өрхийнхөө 50 хувийг төвийн шугам сүлжээнд холбох зорилттой ажиллаж байгаагаа тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Барилга, хот байгуулалтын сайдад танилцууллаа.