УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар баялгийн сангийн тухай хууль, тендерийн шууд худалдан авалт, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлыг хэлэлцэв.
Н.Ганибал: 2017 онд 150 тэрбум, 2020 оноос 1 их наяд 50 тэрбум, 2021 онд 2 их наяд 2 тэрбум, 2022 онд 2 их наяд 567 тэрбум төгрөгөөр шууд худалдан авалт хийсэн гэдэг албан ёсны тоон мэдээлэл ирсэн. Ковидын үе гэдгээр гэдгээр шууд худалдан авалт хийсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 3.4 буюу төрийн болон албаны нууцад оруулсан мэдээллийг ирүүлээгүй. Наад захын мэдээлэл бол 17 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий нүүрсний оффтейк гэрээ байгаа. Энэ мэтчилэн олон нийтийн мэдээгүй мэдээллийг ил болгоё, зөв бурууг нь ил болгоё гээд Түр хороо байгуулах гээд сонсгол хийх гээд байгаа юм.
Б.Пүрэвдорж: Иргэдэд боломж олгох, бизнесийг өргөжүүлэх тал дээр Ардчилсан нам үргэлж дэмжиж ажиллана. Татварын хувийг багасгаж байж, татвар төлөгдөнө, далд орлого ил болно. Г.Занданшатар дарга 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан учраас хуулиа хэлэлцүүлэхээс өөр аргагүй нөхцөлд байгаа. Мөн миний бие НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хамтад нь хэлэлцэх санал гаргана.
Ц.Туваан: Орон нутгаас түлш тасарсан тухай мэдээллийг ирүүлж байна. Түлш олдож байгаа газартаа хэт өндөр үнэтэй байна. Зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих бүрд энэ асуудал үүссээр ирсэн. Энэ асуудалд Засгийн газар шийдэл гаргаж ажиллах шаардлага байна.
О.Цогтгэрэл: Ирээдүйд өв үлдээсэн эдийн засгийн тусгаар тогтнолыг томьёолсон Баялгийн сангийн хуулийг өргөн барина.