Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын хүрээнд Улаанбаатарт ажиллаж буй Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Зеховски тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, түүнийг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо.
Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт үр дүнтэй болсныг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэмдэглэж, “Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай хэлэлцээр” байгуулахад дэмжлэг үзүүлэхээ Европын Парламент нотолсонд талархал илэрхийлэв.
Ардчиллыг бүс нутагтаа амжилттай бэхжүүлж буй Монгол Улстай хамтын ажиллагаагаа тэлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсрол, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхийг Европын Холбооны зүгээс чухалчилж, тогтвортой хөгжлийг хангахад тууштай дэмжлэг үзүүлж ажиллахаа Европын Парламентын төлөөлөгчид мөн илэрхийллээ.