Балбын баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлтийн улмаас 100 гаруй хүн нас баржээ. Балбын нийслэл Катманду хотоос баруун тийш 500 км-ийн зайд орших Жажаркот, Рукум зэрэг хүрэхэд бэрх бүс нутагт хамгийн их хохирол амссан байна. Аврах ажиллагаанд аврагчдаас гадна цэрэг, аюулгүй байдлын албаныхан ажиллаж байна.
Хүчтэй чичиргээ Балбын нийслэл болон хөрш Энэтхэгийн хотууд, тэр дундаа Дели хотод мэдрэгдсэн байна.
Армийн төлөөлөгчийн мэдээлснээр 100 гаруй хүн шархадсан байна. Жажаркот эмнэлэг шархадсан хүмүүсээр дүүрсэн байна. Гол газар хөдлөлтөөс хойш нэг цагийн дотор дахин гурван удаа газар хөдлөлт болж, олон хүн шөнийг гадаа өнгөрөөсөн байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон давхар тоосгон барилгуудын фасад нурсан байгааг харуулж байна. Хүмүүс нуранги дороос амьд үлдсэн хүмүүсийг хайж олохыг хичээж байна.
Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутаг руу яаралтай явсан байна.
Газар хөдлөлтийн улмаас хөрсний гулгалт үүсэж зам хаагдсан тул эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэлтэй байгаа аж.
Жажаркот дүүргийн цагдаагийн дарга Суреш Сунар "Ройтерс" агентлагт болсон явдлын талаар алслагдсан газруудаас бүрэн мэдээлэл цуглуулж авахад хүндрэлтэй байгаа тухай мэдэгджээ.
Балбын хяналт, судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:47 цагт бүртгэгдсэн байна.
АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг 5.6 магнитуд гэж тооцоолж, голомт нь гүн биш байсан гэж мэдэгджээ.
Балба улс нь газар хөдлөлтийн идэвхжил ихтэй Гималайн нуруунд оршдог билээ.
Эх сурвалж: BBC