Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт хэлэхдээ, Израил Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг оруулах эсвэл Хамасын дайчдад барьцаалагдсан хүмүүсийг гадагш гаргах боломжийг олгохын тулд "тактикийн багахан завсарлага" хийх болно хэмээн мэдэгджээ. Гэвч Израилын удирдагч барьцаалагдсан бүх хүмүүсийг суллахгүй бол гал зогсоох хэлэлцээрээс татгалзана хэмээн мэдэгджээ.
Нетаньяху АНУ-ын телевизэд өгсөн ярилцлагадаа дайн дууссаны дараа Газын зурвасыг хэн удирдах ёстой вэ гэсэн асуултад: Аюулгүй байдалд хариуцлага хүлээхгүй бол юу болохыг бид харсан учраас Израил тодорхойгүй хугацаанд (Газын зурвасын) аюулгүй байдлыг ерөнхийд нь хариуцна гэж би бодож байна" гэж Нетаньяху ABC News-т ярьжээ.
Өнгөрсөн сард Израилын өмнөд хэсэгт зэвсэгт бүлэглэл халдлага үйлдэж, 1400 хүний аминд хүрч, 240 хүнийг барьцаалсны дараа Израил ХАМАС-ын эсрэг агаараас болон газрын довтолгоо эхлүүлсэн. Израилын бөмбөгдөлтөөс болж Газад дор хаяж 10,000 хүн амиа алдсан гэж тус зурвасын эрүүл мэндийн албаныхан мэдэгдсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Даваа гарагт Нетаньяхутай утсаар ярихдаа галын түр зогсолт, барьцааны хүмүүсийг суллах талаар ярилцаж, Израилыг дэмжиж буйн зэрэгцээ энгийн иргэдийг хамгаалах ёстой тухай ярьжээ. Израилын нэгэн адил АНУ бүрэн гал зогсоох хэлэлцээг ашиглан Хамас бүлэглэл цэргүүдээ шинэ зохион байгуулалтад оруулах вий хэмээн эмээж байна.
Эх сурвалж: Reuters