Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн зарчмын тохиролцоог бодит ажил хэрэг болгох мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн цар тахлаас шалтгаалан хойшилсон хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааг сэргээн хэрэгжүүлэхэд Элчин сайдтай нягт хамтран ажиллахад бэлэн буйгаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр илэрхийлэв.
Элчин сайд Шэнь Миньжюань хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа тэмдэглээд ГХЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ.