Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Дэд дарга И.Мөнхжаргал, Дэд дарга Т.Пүрэвхатан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож төсвийн асуудал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Дэд дарга Т.Пүрэвхатан: Ардчилсан намаас 45 хоногийн хугацаанд Монгол Улс даяар “Өрийн дарамтгүй Монгол” хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэнтий аймгийн 45000 гаруй иргэдтэй уулзалт хийлээ.
4 хүн тутмын 1 нь ядуу ангилалд багтаж байна. Ард иргэдийн амьдралд дундаж давхарга үлдээгүй байна. Залуучууд аймагтаа, сумандаа сайхан амьдрах боломж алга. БНСУ-д 55,000 гаруй залуучууд хөдөлмөр эрхэлж байна. Өнөөдөр Монгол Улсад ажлын байр байвал бид харь улсад боолын хөдөлмөр эрхлэхгүй. Сүүлийн 8 жил МАН бүх шатандаа засаглаж байна. Байгалийн баялагаа тэгш, хүртээмжтэй хуваарилаач ээ гэдгийг иргэд ярьж, шаардаж байна. Тэрбумаар яригддаг байсан хулгай хэдэн их наядаар яригдах боллоо. Бид энэ их төсөв, хөрөнгийг ажлын байр бий болгоход зарцуулмаар байна.
Ганцхан БНСУ-д 55,000 хүн ажиллаж амьдарч байна гэдэг нь нэг аймаг тэр чигтээ харь оронд хүнд хүчир хөдөлмөр хийхээр оччихсон байгаа юм.
Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: УИХ, Гүйцэтгэх засаглалдаа бариулчихсан түүнд эрх мэдлээ алдчихсан байна. НӨАТ-ийн 5% гэдэг бол энгийн иргэдэд маш их мөнгө. 2024 онд Ардчилсан намд итгэж саналаа өгөхийн бол үүнийг бид хийж хэрэгжүүлэх болно.
Автомашин эзэмшигчийн татвар нэмэгдүүлэх, иргэдийн зорчих эрхийг хязгаарлах, газраа өгөхгүй иргэний өмчийг хүчээр авахаар хуульд тусгагдаж байна. Нийслэл Улаанбаатар хотын “А” бүсэд нэг удаа нэвтэрхэд 27,500 төгрөг төлөхөөр болж байна. Ийм байдлаар иргэдийн халаасыг хоослох бодлого хийхгүй ээ!
Ногоон автобусны хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж байгаа хүмүүсийн дунд шийдвэр гаргасан эрх мэдэлтэн болох Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар аль нь ч алга. Төсөв захиран зарцуулахаар үүрэг, хариуцлага хүлээсэн бол хэлтсийн дарга, мэргэжилтнээр туг тахиад өнгөрөх, УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далимдуулан хариуцлагаас зугтааж болохгүй.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд шүүх рүү хэт увайгүй дайрч байна. Л.Оюун-Эрдэнэ Монгол төрийн Ерөнхий сайд болохоос биш дан ганц МАН-ын дарга биш. Шүүмжилсэн иргэд, сөрөг хүчнээ шоронд хийдэг ийм л улсыг хойч үедээ хүлээлгэн өгөх гэж байна.
Төр нь авлигалд ялзраад дуусч байгаа, хамгийн данхар бүтэцтэй Засгийн газрыг Л.Оюун-Эрдэнэ толгойлж байна. Ардчилсан нам юу хийх юм бэ? гэж асуудаг бид хэзээ ч 22 яамтай Засгийн газартай байхгүй, Ардчилсан нам хэзээ ч бизнес эрхлэгчдийнхээ боломжийг хулгайлдаггүй, харин хулгайлдаг бүх нэгжүүдийг хуульчилна. Бид дарга нарын мөнгө угаах хэрэгсэл болсон төрийн өмчит үйлдвэрийн газруудыг үгүй хийнэ. Ардчилсан нам хэзээ ч шүүмжилсэн иргэдээ шоронгоор айлгаж байгаагүй, тэгэх ч үгүй. Яагаад гэвэл ардчилсан зарчмаар ажилладаг, бодлого, шийдвэр гаргадаг нам юм.
Цаашид бид иргэд, намын дэмжигчдээ эрх мэдэлтнүүдийн “МАН”-ын машинд хаяж өгөхгүй, тууштай тэмцэж ажиллах болно. Нутаг усаараа ажил хийдгээ болих хэрэгтэй. Хуулийн байгууллагын толгойд эрх баригч намын нутаг усны хүмүүс гарчихсан байна. Цадигтай, журамтай, ёс зүйтэй бай, одоо болно!
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын Н.Лхагвадорж: Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 малчин эмэгтэй, 1 хүүхэд амь насаа алдсан байна. Ардчилсан намын удирдлага, нийт гишүүдийн зүгээс эмгэнэл илэрхийлж байна.
2016 онд “МАН” Монгол Улс хөгжих үү, улс төрчид нь баяжих уу гэдэг сонголтыг хийчихсэн юм байна. Нэгэн сонин дээр Н.Энхбаяр 2021 он гэхэд Улаанбаатар хот нэг ч гэр хороололгүй болно гэж бичсэн байна. 2011 онд 2017 он гэхэд нийслэлийн түгжрэл 100% үгүй болж метротой болно гэсэн. 2024 он гэхэд Ээл Аар Ти метроны асуудал бүрэн дүүрэн шийдэгдэнэ гэсэн. Улаанбаатар хот дундуур усан замтай, усан зам нь 15 боомттой жишиг хот болно хэмээн амласан байдаг. Гэвч өөрсдийн улс төрчдийг баяжуулах сонголтыг “МАН” хийсээр байна.
Одоо өөрсдийгөө баяжуулах биш ард түмнээ бодох цаг болсон шүү гэдгийг хэлмээр байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: НИТХ-аар Улаанбаатар хотын иргэдээс аз жаргалтай амьдарч байна уу гэх судалгаа авахад 98,8% нь аз жаргалтай амьдарч байна гэсэн үр дүн гаргачихсан байна. МАН 1.5 сая доллараар 33 уулзвар тавьсан байгаа. Тийм учраас бид ажил, үйлээрээ хариу барих юм. Ардчилсан намын зарчим бол аль болох олон намын төлөөлөл байх ёстой гэх зарчим дээр байдаг.
Иргэдтэйгээ өрөсөлддөг төрийн том бизнесийг АН үгүй хийж зах зээлийн зарчмаар хөгжих ёстой гэдэг байр суурь дээр хатуу байна. Бид авлигатай шат шатандаа тууштай тэмцэх болно. Тийм ч учраас манай нам эвлэлдэн нэгдээд явж байна.