Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших /2023.11.09/ нэгдсэн хуралдаан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулснаар эхэллээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, хүнс,  хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Тэрбээр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Ц.Идэрбат, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажилласан. Байнгын хороо 2023 оны 11дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу явуулж, дараах санал, дүгнэлтийг танилцуулж байна. Үүнд:

Олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх био хамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр батлах, хамгаалалттай аж ахуй нь дээрх зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх биохамгааллын зааврыг баталж мөрдүүлэхээр, Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлдэг болох,  эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэдэг байх зэрэг нийт 33 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Ц.Туваан, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Наранбаатар, Б.Бейсен, Ш.Адьшаа нар хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж, хариулт авсан болно гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхтүвшин, Ш.Адьшаа, Г.Мөнхцэцэг,  Ж.Чинбүрэн, Н.Ганибал, О.Цогтгэрэл нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтыг яагаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Мал эмнэлгийн газарт шилжүүлж байна вэ, антибиотек их хэмжээгээр хэрэглэсэн болон вакцинжсан малын махны хэрэглээнд хяналт тавих хуулийн зохицуулалт байгаа эсэх, эрүүл малын мах гэдгийг нотлоход  бодлогын ямар өөрчлөлт хийж байна вэ, хувийн мал эмнэлгийн тогтолцоонд анхаарал хандуулах талаар хуулийн зохицуулалт байгаа талаар асууж байв. 

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ, амьтан, ургамлын хорио цээрийн хяналтад мэргэжлийн байгууллагын дүгнэлт зайлшгүй хэрэгтэй юм. Тэгэхээр мэргэжлийн байгууллага болох Хүнс хөдөө, аж ахуйн яамны дүгнэлтэд үндэслэн хилээр нэвтрүүлэх үеийн хяналтыг гаалийн байгууллага хийхээр өөрчилж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн хилийн хяналтыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Мал, амьтны тухай эрүүл мэндийн тухай хуульд эмийн хэрэглээ болон вакцинжуулалтыг зохицуулсан заалтыг тодорхой оруулсан. Улсын хэмжээгээр 980 нэгжид 1500 малын эмч ажиллаж байна. Нэг эмчид 60 мянган мал ногдож байна. Үүнийг 40 мянга хүртэл бууруулах бодлого, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна гэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, эрүүл бүс, хамгаалагдсан аж ахуй гэдгийг хуульд тодорхой зааж өгснөөр баталгаат малын мах экспортлох боломж нээгдэж байгаа хэмээн тодруулан хариуллаа. Ерөнхийдөө энэхүү хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр хорио цээрийн хяналтыг мэргэжлийн байгууллага хийж, монгол малын махын экспортыг дэмжих, улмаар малчдын ахуй амьдралд бодит өөрчлөлт оруулах боломжийг нээж өгч буй гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ онцлов. Түүний дараа хуулийн төсөлтэй холбогдсон 32 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдлээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Түүний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Монгол Улсын Их хурлын тогтоолын төслүүдийг эцсийн  хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын  гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хийлээ. Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 1 зарчмын зөрүүтэй санал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж үзсэн тул Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 1 зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэв. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуусан. Тэрбээр, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлд ажиллах шаардлагатай байна гээд дотоодын нийт бүтээгдэхүүн болох 74 их наяд төгрөгийн, төсвийн орлого 25 их наяд төгрөгийн хэдэн хувь нь Оюутолгойгоос орж ирэх вэ, ядуурал болон  халамжийг бууруулахад ямар бодлого баримталж буй талаар асуув.

Сангийн сайд Б.Жавхлан, ирэх оны төсвийг боловсруулахдаа баялаг бүтээгчдийг дэмжсэн, дэд бүтцийг хөгжлүүлэхэд анхаарал хандуулсан хэмээн онцлоод эрчим хүчний салбарт нэг их наяд гаруй, барилга, хот байгуулалтын салбарт 750 тэрбум, зам барьж байгуулахад хоёр их наяд төгрөгийг тус тус төсөвлөж байна. Ирэх жил  Оюутолгойгоос 760,5 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж байна. Оюутолгой далд уурхайн  орлого 2025 оноос нэмэгдэж орно гэв. Түүний дараа байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдлээ. Ингээд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны  төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, Төсвийн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу холбогдох өөрчлөлтийг төсвийн төсөлд болон холбогдох хавсралтуудад тусгаж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүллээ. Байнгын хорооны хуралдаанаар төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотой залруулга хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгасан болно. Үүнд: 1.Улсын төсвийн төслийн орлогыг 565.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцлоо.

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

3.Төрийн хэмнэлтийн тухай хууль болон эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарим шаардлагагүй төсөл хөтөлбөр, урсгал зардлыг хэмнэж, төсвийн зардлыг 320.4 тэрбум төгрөгөөр бууруулсан эх үүсвэрээр зохицуулалт хийлээ.

4.Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим хөрөнгө оруулалтыг нэмж тусгах, мөн 2024 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгагдсан хөрөнгө оруулалтыг гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг нэмэгдүүлэх зохицуулалтын хүрээнд 2024 онд хөрөнгө оруулалтын нийт зардлын санхүүжих дүнг 118.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн.

5.Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр “Орлого нэмэгдүүлэх, урсгал зардал болон хөрөнгийн зардалд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төвлөрүүлэх орлого, зарцуулах зардалд болон орон нутгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутагт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг саналын томьёололтой уялдуулан тооцоолол хийж, хуулийн дагуу холбогдох өөрчлөлтийг хийх” гэж өгсөн чиглэлийн дагуу холбогдох тооцооллын өөрчлөлтийг тусгасан болно. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтүүдийг тусгахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлээгүй, харин төсвийн орлогын хэмжээг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулсан болно. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай,  Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан төслийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслүүдийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбоотой асуулт асуух гишүүн байсангүй. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны  төсвийн тухай хуулиудыг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа