Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны даргын үүргийг түр хариуцах Д.Баатарсайхан болон холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр /2023.11.10/ уулзаж хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар чиглэл өглөө.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо Ёс зүйн хорооны ажиллах дүрэм, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журам, Орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан тогтоолуудыг баталсан юм.

Журамд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг орон тооны бус гурван гишүүнийг сонгон шалгаруулж Байнгын хороонд танилцуулсан билээ. Байнгын хороо ажлын хэсгийн саналыг дэмжин Төрийн албаны зөвлөлд танилцуулсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Б.Баатарзориг Ёс зүйн хорооны нийт гишүүдийн  саналаар Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны даргын үүргийг түр хугацаанд Д.Баатарсайхан хариуцан ажиллах болсон талаар танилцууллаа.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр Ёс зүйн хороо нэн яаралтай Засгийн газрын болон бүх шатны төрийн байгууллагуудын дэргэд ажиллах дэд хороодын журмыг батлах, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж танилцуулах талаар чиглэл өгч, энэхүү ажил Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо хэмээн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.

Таны сурталчилгаа