Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2023.11.15/ 11 цаг 58 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Газрын тухай хуулийг багцаар нь бус аливаа хуулийн төслүүдийг дагалдуулан хавсарга мэт оруулж, нэмэлт, өөрчлөлт хийх нь зүйтэй эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуультай энэ хуулийн төсөл зөрчилдөж буйг хэрхэн шийдвэрлэхийг, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хүрээ хязгаар нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод эсвэл улсын хэмжээг хамрах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хуулийн төсөлд маргаан таслах зөвлөл байгуулахаар тусгасан нь хэр оновчтой болохыг тодруулж байв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг дэмжихийн зэрэгцээ цаашдаа бүх шатны Засаг даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даан үйл ажиллагаагаа явуулах, газар чөлөөлөх, худалдан авах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийслэлийн түгжрэл, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зэргэлдээ оршиж буй нэгжүүдийнхээ эрх ашигруу дайрах нь зохимжгүй тул эдийн засгийн тусгай бүс байгуулахдаа бусад аймгийн газар нутгаас оруулах асуудлыг Ажлын хэсэг эргэн нягтлах, улмаар аливаа асуудлыг шийдвэрлэх зохицуулалт нь хуулийн төсөлд хоёрдмол утгагүй, тодорхой тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр, Улсын Их Хурлаас Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолд Газрын багц хуулийн төсөл болон түүнд нийцүүлэн Ашигт малтмалын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулан 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан цаг алдахгүйн үүднээс Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг хариултдаа тодотгохын зэрэгцээ энэхүү хуулийн төслийг өргөн барихад Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдаагүй байсан төдийгүй Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслүүдээ татан авсан тул нийслэлийн хотын хувьд тулгамдсан, газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодотгохоос өөр аргагүй гэж байлаа.
Мөн тэрбээр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай уг хуулийн төсөл зөрчилдөх зүйлгүй гэхийн зэрэгцээ Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд нийслэл Улаанбаатар хот руу чиглэсэн зохицуулалтуудыг л тусгасан хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Богдхан Уулын дархан цаазат газрын талбайн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст хэрхэн өөрчлөлт оруулахыг лавласан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Богдхан Уулын дархан цаазат газрын талбайн хэмжээг бууруулахгүйгээр хилийн цэст өөрчлөлт оруулсныхаа дараа газраас нь авах гэж байгаа нь тогтоолын төслийн 2 дугаар заалтад "Газар албадан чөлөөлөх холбоотой харилцааг зохицуулсан тул цаашид улсын хэмжээнд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхтэй холбоотой" гээд тусгасан байгаа нь газрын тэлэлт харагдаж байна хэмээн хардаж байна. Үүнд орон нутаг, иргэдтэй ямар нэг зөвшилцөл хийх асуудал харагдахгүй байна гэсэн санал хэлж байлаа.
Тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүнээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар хийлээ.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нараас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлснийг дурдаад уг хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар тогтоолоор байгуулж, миний бие ахлан гишүүдээр Т.Аубакир, Э.Батшугар, Г.Дамдинням, Ц.Туваан нар ажилласан гэв.
Ажлын хэсэг гурван удаа, ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг давхардсан тоогоор 10 гаруй удаа хуралдаж, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн талаарх холбогдох байгууллагуудын саналыг сонсож, нийт зарчмын зөрүүтэй 44 санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан санал бэлтгэснийг тодотголоо.
Мөн гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчмыг тодорхой болгосон. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нохой, муурын асран хамгаалагч нь хот суурин газрын нохой, муурын асран хамгаалагч нь нэгэн адил сургалтад хамрагдах шаардлагагүй байхаар тусгалаа. Уугуул үүлдрийн нохойтой холбоотой асуудлыг зохицуулах дэмжихтэй холбоотой зохицуулалтыг тусгасан. Мөн төслийн асран хамгаалагч түр байрлуулан асрамжлах газар, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа нохой, муурын нэгдсэн бүртгэл гэсэн нэр томьёог оновчтой болгож холбогдох нэр томьёо, бусад зохицуулалтуудад найруулгын шинжтэй засваруудыг оруулсан. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн найруулсан гэж байлаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлд “Энэ хууль албаны нохойтой холбоотой харилцаанд хамаарахгүй.” гэсэн 2.3 дахь хэсэг, мөн төслийн 3 дугаар зүйлд “нохой, муур үржүүлэх” гэж нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэхийг”, “нохой, муурын нэгдсэн бүртгэл гэж нохой, муурын асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагааг”, “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж” гэж гэрийн тэжээвэр амьтанд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, оношилгоо, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийх, бичил чип суулгах, шаардлагатай тохиолдолд унтуулах үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан нэгжийг” гэсэн агуулгатай 3.1.8, 3.1.9, 3.1.10 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн төслийн 6 дугаар зүйлд “Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно.” гэсэн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлд “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө” гэсэн агуулгатай 7.4 дэх хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн төслийн 9 дүгээр зүйлд “энэ заалт нохой салхилах зориулалтын талбайд хамаарахгүй” гэсэн агуулгатай тайлбар, мөн зүйлд “Энэ хуулийн 9.2.3-т заасан үүрэг Монголын үндэсний уугуул үүлдрийн нохойны асран хамгаалагчид хамаарахгүй.” гэсэн агуулгатай 9.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн юм.
Ажлын хэсгээс төслийн 10 дугаар зүйлд “Энэ хуулийн 40.1.4-т заасан нохой, муурын нэгдсэн бүртгэлийн сан бүрдүүлэх, бүртгэл хөтлөх журамд бичил чип суулгасан нохой, муурын асран хамгаалагчийн бүртгэл, нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын бүртгэл, нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл, алдагдсан нохой, муурын бүртгэл зэрэг асуудлыг тусгах” гэсэн агуулгатай 10.7 дахь хэсэг, “Баг, хорооны Засаг дарга, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна” гэсэн 10.8 дахь хэсэг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Мөн төслийн 23 дугаар зүйлд “Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг иргэн, эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ” гэсэн 23.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.