Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Нийслэлийн АН-ын хорооны 225 гишүүн хуралдаж даргаа сонгоно. НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, М.Тулгат, Т.Батцогт нар нэрээ дэвшүүлсэн. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Д.Бадарсан ялах хамгийн өндөр магадлалтай. Эв нэгдэл гэгч АН-д ус агаар мэт эрэлт хэрэгцээ дээр Д.Бадарсан сонгогдоно гэж үзэж байна. Учир нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын зүтгүүлж буй М.Тулгат, Т.Батцогт нарын нэг нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй. Хальсгүй өндөг алган дээрээ тавьсан хүн шиг байгаа АН-ын эмзэг эв нэгдэл хага үсэрнэ. Хоёр экс Еөкийн аль нэг нь ялбал АН тал еэвэн шиг болно гэсэн үг. 

Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар захыг нь мушгиж байгаа М.Тулгатыг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын тал хүлээн зөвшөөрөхгүй. Хотын намын даргын сонгууль тэдний хүслээс эрс зөрвөл салж бутарна шүү гэж анхааруулсан. Т.Батцогт ялахгүй нь тодорхой бол М.Тулгатаас Д.Бадарсан дээр гэж Женкогийн тал үзнэ. АН-ын даргаар Лу.Гантөмөр сонгогдоход Х.Баттулга түүнд хайртайдаа хайрцагласан 20 гаруй саналаа нэмэрлэсэн юм биш. С.Баярцогтоос Лу.Гантөмөр нь дээр гэж үзсэн шигээ хотын намын даргад ч ийм үзэгдэл давтагдах магадлалтай. Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар ч өөрийн талаас нэр дэвшүүлж буй М.Тулгат ялах магадлал багатайг мэдэж тооцоолж байгаа. Х.Баттулгын бөх давснаас одоогийн намын дарга Лу.Гантөмөрийн талын Д.Бадарсан болсон нь дээр гэж үзнэ. Хамт суугаад кофе ууж, зургаа авхуулж чадахаа больтлоо биесээ үзэн яддаг болсон хоёр экс Еөкийн халз ширүүн тулаан Д.Бадарсанд ашигтай нөхцөл үүсгэсэн. Лу.Гантөмөр АН-ын 15 дэд болон Тэргүүн дэд даргыг сонгоход эв нэгдлээ хангахын тулд өөрөө хойш сууж бүх фракцад хувааж өгсөн. Нэгэнт АН-ын тамгатай, гэрчилгээтэй дарга юм бол ЕНБД, хотын намын дарга нэг баг болж ажиллах хүнээ санал болгох эрхтэй. УИХ дахь АН-ын бүлэг Д.Бадарсанг дэмжиж байгаа нь ялах магадлалыг нь өсгөж байна. Өөрөөр хэлбэл АН-ын дарга Лу.Гантөмөр ба УИХ-ын гишүүд, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн гурван бүлгийн төлөөллийн хооронд хотын намын даргын өрсөлдөөн болох юм.  

Д.Бадарсан Нийслэлийн АН-ын дарга болоод аль ч талтай нь уулзах нүүртэй. Эвээ сэвтүүлэх элдэв дотоод хэрүүл зодоонд ордоггүй. Хүний хувьд төлөв төвшин, хийрхэл, хэрүүлээс хол. НИТХ-д АН-аас хамгийн олон буюу 3 дараалан сонгогдсон.   Э.Бат-Үүлийн багт Сүхбаатар дүүргийн засаг даргаар ажиллаж, гурван удаа шилдэг засаг дарга шагнал авсан. Попроод байдаггүй ч ажил хийдэг, асуудал шийддэг, сайн засаг дарга гэдэг дэмжлэг авч, 3 дараалан ялсан.  Зарим нэг сайтын ташаарсан шиг аав нь МАН-ын хүн байгаагүй. Ардчиллын анхдагчдын нэг, Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар 11 жил ажилласан С.Даваасүрэн агсны хүү. Аавынхаа нөлөөгөөр харьцангуй нас залуу ч АН-ын аль 1995 оны гишүүн, 18-тайдаа элссэн. Японд инженер болсон, улсын математикийн олимпиадын аварга сурагч явсан зэргээрээ АН-ын дарга Лу.Гантөмөртэй төстэй тал Д.Бадарсанд байдаг ч Увсынх биш Өвөрхангайн гаралтай. Хотын унаган иргэн, Бага тойргийн хүүхэд.

Женко Х.Баттулгын “бөх” Т.Батцогт Баянзүрх дүүргийн АН-ын дарга байхдаа 2020 оны орон нутгийн сонгуульд намаа ялагдуулсан нь сул тал. АН-ын дүрмээр намын бүх шатны удирдлага сонгуульд ялагдуулсан бол хариуцлага хүлээдэг. Гэтэл 2020-2024 оны мөчлөгт бүр тушаал ахих нь дүрмээ зөрчсөн хэрэг болно гэж зарим эх сурвалж хэлж байна. Мэдээж хамгийн сул тал нь С.Баярцогтын тал түүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

М.Тулгатын хувьд бол С.Эрдэнийн явуулсан дүрмийн бус цахим сонгуулийн тоглоомд орж, тамгагүй дарга болж үзсэн сул талтай. Гол дэмжигч сайн ах нар Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар тараах мөнгө ихтэй ч хүлээх нэр хүнд гэж огт байхгүй. М.Тулгат хотын нам удирдахыг Х.Баттулгын тал огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. 

Хотын АН-ын дарга өнөөдөр тодорно.

Таны сурталчилгаа