Израилын засгийн газар лхагва гарагийн шөнө хийсэн хэлэлцээрээр Израилын зарим барьцаалагдсан иргэдийг суллах, Газын зурваст дөрвөн өдрийн турш гал зогсоож зурваст хүмүүнлэгийн тусламж болон шатахуун оруулах боломж олгох тухай Хамас бүлэглэлтэй тохиролцоонд хүрсэн байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас "Засгийн газар хэлэлцээрийн эхний үе шатны төлөвлөгөөг баталлаа. Үүний дагуу барьцааны 50-аас доошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах мөн дөрвөн өдрийн турш байлдааны ажиллагааг зогсооно" хэмээн мэдэгджээ. Мөн барьцаанаас сулласан 10 хүн тутамд нэг өдөр нэмж, гал зогсоох хугацааг сунгах боломжтой гэж тэмдэглэжээ. Зөвшилцлийн хугацаа дууссаны дараа дайн үргэлжлэх болно гэдгийг эрх баригчид мөн онцолжээ.
"Израилын засгийн газар, Израилын арми, аюулгүй байдлын хүчин барьцаалагдсан бүх хүмүүсийг суллаж буцаах, ХАМАС бүлэглэлийг устгах, Газын зурвасаас Израилын улсад аюул учруулахгүй байхын тулд дайныг үргэлжлүүлэх болно" хэмээн тус албанаас нэмж хэлжээ.
“Гэрээнд одоогийн байдлаар Газын зурваст хоригдож буй 50 энгийн иргэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллах, үүний хариуд Израилын шоронд хоригдож буй хэд хэдэн палестин эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллахаар тусгасан; Хэлэлцээрийн дараагийн үе шатанд хувилбаруудын тоог нэмэгдүүлнэ" гэж тус хэлэлцээний түнш болсон Катар улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Хэлэлцээнд Катараас гадна Египет, АНУ-ын төлөөлөгчид хамт оролцсон ба 24 цагийн дотор уг эвлэрлийн эхлэх хугацааг зарлана гэж мэдэгджээ.
Хамас бүлэглэлийн дайчид мөн мэдэгдэл гаргаж, "хүмүүнлэгийн эвлэрлийг" сайшааж, барьцааны 150 Палестины иргэдийг суллахад оронд нь Израилын 50 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллана гэдгээ баталжээ. Хамасын албаны хүмүүсийн мэдээлснээр, хэлэлцээрийн дагуу Газын өмнөд хэсэгт Израилын бүх агаарын үйл ажиллагааг дөрөв хоногийн хугацаанд зогсоож, харин хойд хэсэгт 10.00-16.00 цагийн хооронд хязгаарлагдана хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: BBC