Баруун Африкийн Сьерра-Леон улсын нийслэл Фрийтаун хотод өчигдөр зэвсэгт мөргөлдөөн гарсан байна. Зэвсэглэсэн босогчид нийслэл дэх цэргийн хуаран болон хорих газар руу дайрчээ. Уг мөргөлдөөний улмаас улс даяар хөл хорио тогтоох шийдвэрийг албаныхан гаргасан байна.
Тус улсын Ерөнхийлөгч Жулиус Маада Био халдлагыг зохион байгуулсан удирдагчдын ихэнхийг баривчилсан гэж мэдэгджээ. Гэрчүүдийн хэлснээр ням гарагийн өглөө хот даяар буун дуу гарч, хорих газраас оргодлууд зугтсан байна. Ерөнхийлөгч аюулгүй байдлыг хангаж эмх замбараагүй байдлыг намжаасан гэж мэдэгдэж байгаа ч халдан түрэмгийлэгчид хэн болох, ямар зорилготой дайралт хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
Сьерра-Леон улсын Ерөнхийлөгч Жулиус Маада Био өнгөрөгч зургаадугаар сард дахин сонгогдсоноос хойш улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа юм. Тус улсын Мэдээллийн яам орон даяар хөл хорио тогтоох шийдвэрийг зарласны дараа ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хатуу анхааруулж, олон улсын нислэгүүдийг зогсоосон байна.
Фрийтаун хотын Падемба Роад хорих газар луу зэвсэглэсэн этгээдүүд халдсаны улмаас оргосон оргодлуудын тоо тодорхойгүй байна. Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт өнгөрсөн жил хулгай дээрмийн гэмт хэргээр ял сонсож хоригдсон реппер Boss LAJ сул чөлөөтэй гүйж байгааг харуулжээ.
Энэ жилийн наймдугаар сард Ерөнхийлөгчийг эсэргүүцэж төрийн эргэлт хийх оролдлого гарсан ба уг ажиллагаанд оролцсон цэргүүдийг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.