Австрали улс насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд никотинд донтох үзэгдлийг бууруулахын тулд ирэх жилийн нэгдүгээр сараас нэг удаагийн цахилгаан тамхины импортыг хориглохоор болсон байна. Ирэх оноос хэрэгжих шинэ хуулийн хүрээнд нэг удаагийн цахилгаан тамхины импортыг зогсоохоос гадна үйлдвэрлэх, сурталчлах, ханган нийлүүлэхийг хориглох ажээ.
Цахилгаан тамхийг янжуур тамхины хор хөнөөлийг бууруулах зорилготой зах зээлд нийлүүлж эхэлсэн ч никотиноос хамааралтай шинэ үеийг үүсгэж байна гэж Австралийн Эрүүл мэндийн сайд Марк Батлер сэрэмжлүүлжээ. Цахилгаан тамхи буюу vape нь никотин, хиймэл өнгө амт оруулагч болон бусад химийн бодисууд найрлагандаа багтаасан шингэнээс бүтдэг байна.
Нэг удаагийн цахилгаан тамхинд донтох үзэгдлийг бууруулахын тулд Австрали улсад эмчийн зөвшөөрөлтэйгээр худалдан борлуулах, импортлох хууль 2021 оноос хэрэгжсэн хэдий ч үр дүн муутай байгаа юм. Сидней их сургуулийн хийсэн судалгаагаар 14-17 настай хүүхдүүдийн 25-аас илүү хувь нь нэг удаагийн цахилгаан тамхи хэрэглэдэг гэжээ. Мөн Австралийн хорт хавдартай тэмцэх зөвлөл өсвөр насны 10 хүүхэд тутмын ес нь цахилгаан тамхины никотинд амархан донтох эрсдэлтэй гэсэн судалгааг хийсэн байна.
Түүнчлэн Жон Хопкинсын их сургууль цахилгаан тамхийг удаан хугацаанд хэрэглэснээр уушгины архаг өвчин, багтраа өвчтэй болох уршигтай гэсэн судалгааг танилцуулсан юм. Тиймээс Австралийн Засгийн газар нэг удаагийн цахилгаан тамхины хэрэглээнээс залуу үеэ хамгаалахын тулд дээрх алхмыг хэрэгжүүлэхээр болжээ.