Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын даргад өргөн барьсан Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх боломж бүрдэх юм.

Мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрний засварын ажлыг 4.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн “Нутгийн зам төсөл”-д орсон сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажилд 16.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн болно.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 100.0 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх буюу нийт 110.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

Таны сурталчилгаа