Цаг үеийн мэдээ

“Дипломат, албан/тусгай болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Тус санамж бичгийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой.

“Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, барилга, боловсрол, шинжлэх ухаан, технологи, цахилгаан харилцаа холбоо, тээвэр, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг өргөн хүрээний салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Талууд тохиролцсон бөгөөд санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол-Эмиратын төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хамтарсан хороог байгуулан хамтран ажиллах юм.

May be an image of 3 people

“Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх яам хоорондын харилцан харилцан ойлголцлын санамж бичиг”

Санамж бичгийн хүрээнд Талууд хоёр улсын Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, шилдэг туршлага солилцох, засаглалын чадавхыг сайжруулахад чиглэсэн бодлого, инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана.

“Хамтын ажиллагааны хамтарсан хороо байгуулах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Энэхүү санамж бичгээр Талууд хамтын ажиллагааны Хамтарсан хороо байгуулах замаар хоёр улсын хооронд эдийн засаг, худалдаа, боловсрол, сургалт, мэдээлэл, соёл, спорт, байгаль орчин зэрэг бүх салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжүүлэх Гадаад харилцааны яамд хоорондын хэлэлцээний механизмыг бүрдүүлнэ.

“Цахим сургалтын санаачилгад хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын ерөнхий газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Цахим сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Энэхүү санамж бичгээр Талууд цахим сургалтын шилдэг туршлага, стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, туршилтын болон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, мөн боловсролын агуулгыг хөгжүүлэх, дэвшилтэт хиймэл оюун ухаан, орчин үеийн технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

“Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Эмиратын бодлогын төв хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”

Энэхүү санамж бичгийн хүрээнд Талууд хамтарсан эрдэм шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг дэмжих, хоёр байгууллагын гаргасан нийтлэл, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг солилцох, орчуулах болон өөрсдийн зохион байгуулж буй семинар, хурал, зөвлөгөөнд удирдлагууд, багш, судлаачид, ажилтнуудыг харилцан урьж оролцуулах зэрэг замаар хамтран ажиллана.

“Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”

Энэхүү санамж бичгийн хүрээнд МҮОНРТ болон Абу Дабигийн Хэвлэл, мэдээллийн газар нь Монгол, Эмиратын хэвлэл мэдээллийн салбар хоорондын мэдээлэл, хүний нөөц, техник технологийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллана.

Таны сурталчилгаа