Цаг үеийн мэдээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисийг 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус байгууллагаас байгаль орчны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэргээр манай улсын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр ажиллаж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

“Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал Ж.Моррис Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчны чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх сонирхолтой байна гэв.

Тус байгууллага нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хөрс, ус хамгаалах, хүнс, усны зохистой хэрэглээг бий болгох, эрүүл хотуудыг байгуулах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэлхийн 74 улсад үйл ажиллагаа явуулж байна.

“Дэ Нэйче Консерванси” байгууллага нь Монгол Улс дахь төлөөлөгчийн газраа Улаанбаатар хотноо 2008 онд байгуулж, газар нутгийн 30 орчим хувийг 2030 он хүртэл хамгаалах зорилтыг хангах хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Таны сурталчилгаа