Цаг үеийн мэдээ

Засгийн газраас 2024 онд эргэн төлөгдөх “Хуралдай” бонд, 2026 онд эргэн төлөгдөх “Номад” бондын тодорхой хэсгийг дахин сунгах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын их хурлаас гурав, гурван жилийн хугацаатай Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн удирдлагын стратегийг баталдаг. 2019-2022 он, 2022-2025 оны стратегийн хүрээнд гурван дахин санхүүжилтийн, гурван зээлийн төлбөрийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Гурван төсөл тус бүртээ өөрийн зорилго, онцлогийг агуулсан. Ковидын үед валютын нөөц нэлээд дундарсан, гол түүхий эдүүдийн экспорт багассан үед Центри-1 төслийг хэрэгжүүлсэн. Центри-2 төслийг ноднин нэг удаа бид хэрэгжүүлэхээр оролдсон ч  манайтай ижил зээлжих зэрэглэлтэй орнуудын хувьд гадаад хөрөнгийн зах зээл хаалттай байлаа. Тиймээс бид гаргаж чадаагүй. Үүнээс болж Монгол Улс Засгийн газрын гадаад өр төлбөртэй холбоотой дефольт зарлах эрсдэл дунд байлаа. 2022 оны есдүгээр сараас хойш нэлээд хатуу арга хэмжээнүүдийг авсны үр дүнд жилийн эцсийн макро үзүүлэлтүүд сайжирч гарсан. Үүний үр дүнд бид Центри-2 төслийг энэ оны нэгдүгээр сарын эхний арав хоногт амжилттай хэрэгжүүлсэн. Ингээд гадаад өр төлбөрөөс шалтгаалсан дефольтоос бүрэн гарсан. Ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилттэй холбоотойгоор Центри-3 төслөө арваннэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая ам.долларын Центри-3 бондоо гаргаад 14 дахин том буюу 4.8 тэрбум ам.долларын захиалга авсан. Үүнээс гарсан хүү нь 7.875 /Долоон бүхэл найман зуун далан тав/ гэж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын бонд 2010 оноос гарж эхэлснээс хойшхи хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд болж чадсан. Нэг тэрбум ам.долларын өрийг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төлж дууслаа. Энэ хугацаанд түүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг мөн төллөө. Ингээд Центри-3 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онуудад ямар нэгэн бондын эргэн төлөлтийн хувааригүй боллоо гэсэн үг. Тиймээс бид 2026 он хүртэл валютынхаа дотоод нөөцийг хадгалж үлдэх боломжтой боллоо. 

Тун удахгүй арваад хоногийн дараа Хөгжлийн банк Самурай бондын 210 сая ам.долларын өрийг төлөх хуваарь дөхсөн байна. Түүнийг бид амжилттай төлж барагдуулахаар бэлтгэж байгаа. Монгол Улс 2023 онд нэг тэрбум гаруй ам.долларын өрийг дотоод нөөц бололцоогоороо төлсөн хэдий ч оны эцэст валютын нөөц 4 тэрбум ам.доллар гарах хүлээлттэй байна. 

Аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Засгийн газар үе шаттай арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг Улсын их хурал өнгөрсөн тавдугаар сард баталсан. Энэ хуульд оруулсан өөрчлөлт, үүнийг дагасан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсон. Тэр нь Монгол Улсад аялаж байгаа жуулчид Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголтын хууль батлагдсан. Бид журмаа бэлтгээд өнөөдөр Засгийн газраар оруулж батлууллаа. Дэлхийд НӨАТ-ын системтэй 160 гаруй улс байдаг. Үүнээс аялал жуулчлалаа дэмждэг жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь олгодог 70 гаруй улс байдаг. Манай улс 73 дахь улс нь болж байна. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө энэхүү буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүд бүртгэлдээ хамрагдах шаардлагатай. 

Таны сурталчилгаа