Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар салбар хариуцсан сайдууд мэдээлэл хийв. 

Х.БОЛОРЧУЛУУН: УЛААНБУУДАЙГ ЧАНАРЖУУЛАХ 25-30 ХУВИЙГ ГАДНЫ УЛС ОРНООС ХУДАЛДАЖ АВНА

Өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний нийлүүлэлт хангамжийн талаар Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун танилцууллаа. 

 Хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу 2023 онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн. Үүний хүүгийн зөрүүд 135 тэрбум төгрөг тавигдсан. Үүнээс 100 тэрбум төгрөг буюу 700 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү олгогдсон. Өөрөөр хэлбэл, арилжааны банкаас эх үүсвэртэй 700 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. Үлдсэн 280 тэрбум төгрөгнөөс 100 тэрбумаар нь малчдын гар дээрх махыг худалдан авахад 6 хувийн хөнгөлттэй зээлд зарцуулъя гэж шийдвэрлэлээ. 180 тэрбум төгрөгийг ирэх хаврын ноолуурын бэлтгэл ажилд зээл олгохоор Засгийн газрын шийдвэр тогтоол гаргалаа. 

Энэ жил сүүлийн жилүүдэд аваагүй 1 га-гаас 14.5 центр үр тариа авсан. Нийт 456 мянган тн үр тариа хураасан. Үүнээс улаанбуудай 435 мянган тонныг хурааж авлаа. Есдүгээр сарын цаг агаараас болж нийт улаанбуудайн 25-28 хувь нь ангилал буурч, стандартын зэрэг хангахгүйд хүрсэн. Улаанбуудайн гурил үйлдвэрлэхэд шаардагдах нийт хэмжээ 270-280 мянган тн байдаг. Үүнийхээ 25-30 хувьд хүрэх улаанбуудайг чанаржуулах байдлаар гадаад улс орноос худалдан авъя гэдэг байдлаар өнөөдөр шийдвэрлэлээ.   

Б.ЖАВХЛАН: ЖУУЛЧДАД НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ 100 ХУВЬ ОЛГОНО

Засгийн газраас 2024 онд эргэн төлөгдөх “Хуралдай” бонд, 2026 онд эргэн төлөгдөх “Номад” бондын тодорхой хэсгийг дахин сунгах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын их хурлаас гурав, гурван жилийн хугацаатай Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн удирдлагын стратегийг баталдаг. 2019-2022 он, 2022-2025 оны стратегийн хүрээнд гурван дахин санхүүжилтийн, гурван зээлийн төлбөрийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Гурван төсөл тус бүртээ өөрийн зорилго, онцлогийг агуулсан. Ковидын үед валютын нөөц нэлээд дундарсан, гол түүхий эдүүдийн экспорт багассан үед Центри-1 төслийг хэрэгжүүлсэн. Центри-2 төслийг ноднин нэг удаа бид хэрэгжүүлэхээр оролдсон ч  манайтай ижил зээлжих зэрэглэлтэй орнуудын хувьд гадаад хөрөнгийн зах зээл хаалттай байлаа. Тиймээс бид гаргаж чадаагүй. Үүнээс болж Монгол Улс Засгийн газрын гадаад өр төлбөртэй холбоотой дефольт зарлах эрсдэл дунд байлаа. 2022 оны есдүгээр сараас хойш нэлээд хатуу арга хэмжээнүүдийг авсны үр дүнд жилийн эцсийн макро үзүүлэлтүүд сайжирч гарсан. Үүний үр дүнд бид Центри-2 төслийг энэ оны нэгдүгээр сарын эхний арав хоногт амжилттай хэрэгжүүлсэн. Ингээд гадаад өр төлбөрөөс шалтгаалсан дефольтоос бүрэн гарсан. Ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилттэй холбоотойгоор Центри-3 төслөө арваннэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүллээ. 350 сая ам.долларын Центри-3 бондоо гаргаад 14 дахин том буюу 4.8 тэрбум ам.долларын захиалга авсан. Үүнээс гарсан хүү нь 7.875 /Долоон бүхэл найман зуун далан тав/ гэж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын бонд 2010 оноос гарж эхэлснээс хойшхи хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд болж чадсан. Нэг тэрбум ам.долларын өрийг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төлж дууслаа. Энэ хугацаанд түүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг мөн төллөө. Ингээд Центри-3 төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онуудад ямар нэгэн бондын эргэн төлөлтийн хувааригүй боллоо гэсэн үг. Тиймээс бид 2026 он хүртэл валютынхаа дотоод нөөцийг хадгалж үлдэх боломжтой боллоо. 

Тун удахгүй арваад хоногийн дараа Хөгжлийн банк Самурай бондын 210 сая ам.долларын өрийг төлөх хуваарь дөхсөн байна. Түүнийг бид амжилттай төлж барагдуулахаар бэлтгэж байгаа. Монгол Улс 2023 онд нэг тэрбум гаруй ам.долларын өрийг дотоод нөөц бололцоогоороо төлсөн хэдий ч оны эцэст валютын нөөц 4 тэрбум ам.доллар гарах хүлээлттэй байна. 

Аялал жуулчлалыг хөгжүүлэхээр Засгийн газар үе шаттай арга хэмжээг авч байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан “Аялал жуулчлалын тухай хууль”-ийг Улсын их хурал өнгөрсөн тавдугаар сард баталсан. Энэ хуульд оруулсан өөрчлөлт, үүнийг дагасан НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт орсон. Тэр нь Монгол Улсад аялаж байгаа жуулчид Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа бүтээгдэхүүнд төлсөн НӨАТ-ын буцаан олголтын хууль батлагдсан. Бид журмаа бэлтгээд өнөөдөр Засгийн газраар оруулж батлууллаа. Дэлхийд НӨАТ-ын системтэй 160 гаруй улс байдаг. Үүнээс аялал жуулчлалаа дэмждэг жуулчдад НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь олгодог 70 гаруй улс байдаг. Манай улс 73 дахь улс нь болж байна. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээл дээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө энэхүү буцаан олголтод хамрагдах дэлгүүрүүд бүртгэлдээ хамрагдах шаардлагатай. 

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ОХУ-Д ҮҮССЭН ГУРВАН ШАЛТГААНААР МАРГААШНААС ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ХЯЗГААРЛАХААС АРГАГҮЙ БАЙДАЛД ОРЛОО

Эрчим хүчний асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.

Өчигдөр ОХУ-ын талаас Монгол Улсад эрчим хүч нийлүүлэгч талаас нэг мэдээлэл ирсэн. ОХУ-д 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлээд нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 105 м.вт-аас дээш хэтрүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн талаар бичгээр болон амаар мэдээлсэн. Одоо бид 350 м.вт хүртэл максим хэмжээг авч байгаа. Үүнд гурван үндсэн шалтгаан дурджээ. Эхнийх нь ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцид гэмтэл гарсан. Хоёрдугаарт, нэр бүхий станцид 250 м.кв хоёр блокид 500 м.кв цахилгаан станцын шинэчлэл хийж байсан ажил ашиглалтад ороогүй учир ОХУ-ын нэг муж цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон. Тиймээс эдгээр шалтгааны улмаас бид маргаашнаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас аргагүй нөхцөл байдал үүссэн.  Энэ талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд тайлбар өгсөн. Засгийн газрын хуралдаанаар олон нийтэд мэдээлэх чиглэл өгснөөр би Эрчим хүчний сайдын хувиар энэхүү мэдээллийг хүргэж байна. 

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа