Израилын Батлан хамгаалах хүчин Газ дахь Хамас бүлэглэлийн нууц хонгилыг нээж илрүүлснээ өчигдөр мэдээлжээ. Ойролцоогоор 4 км урттай тус хонгилыг хэдэн долоо хоногийн өмнө илрүүлсэн байжээ.
Газрын гадаргуугаас доош 50 метрийн гүн дэх уг хонгилоор том хэмжээтэй тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй ба тог цахилгаан, агааржуулалт, холбоо харилцааны системтэй холбосон байна. Түүнчлэн уг хонгил Израилын эзэмшлийн нутаг дэвсгэрт хүрээгүй ч Израил -Газын хилийн хойд хэсгийн Эрез хүрэхээс 400 метрийн наана дуусжээ.
Палестины Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-ны өдөр Эрез рүү анхлан довтолсон юм. Тиймээс уг хонгил нь Хамасын стратегийн ач холбогдолтой дэд бүтэц тул устгах шаардлагатай гэж Израилын Батлан хамгаалах хүчин мэдээлжээ. Мөн уг хонгилоор дамжиж Хамасын цэргүүд хөдөлж, халдлага үйлдсэн нь баталгаатай гэж үзэж байна.
Хонгилыг барих төслийг Хамасын удирдагч Яхья Синварын дүү Мухаммад Синвар гүйцэтгэсэн гэж үзжээ. Газын зурваст Хамасын хийсэн энэ мэтчилэн нууц хонгил олон байдаг бөгөөд тэдгээрийг илрүүлж устгах ажиллагааг Израилын цэргүүд үргэлжлүүлж байна.