“Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржхандаас тодрууллаа.
-Дуудсан гэрчүүдийн хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Нэгдүгээрт, дарга нарын хулгай хэзээ ингэж ил болж байсан юм. Хөгжлийн банкны сонсголын дараа нүүрсний сонсгол хийж байгаа нь маш сайн хэрэг. Хоёрдугаарт, гэрчүүдийн асуудал. Хэн шийдвэр гаргасан бэ, хэн гарын үсэг зурсан бэ. Гарын үсэг зурсан хүмүүсийн зарим нь гадагшаа зугтаад явчихсан. Зарим нь хоригдчихсон. Нүүрсний сонсголдоо шүүхийн шийдвэрээс шалтгаалаад орж болохгүй байна гээд хэл амыг нь тагласан байдалтай байгаа нь буруу. Оролцуул гэдэг байр суурьт би хатуу зогсож байгаа. Сая анзаарсан бол нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан нэрс дотор Ганхуяг, Удаанжаргал гэсэн нэрс орчихсон. Удаанжаргалын орлогч дарга бас ямар Жаргал гэлээ нэг хүн бий. Түүнийг дуудмаар байгаа юм. Тухайн үеийн шийдвэр гаргасан нөхдүүдийг дуудмаар байна шүү дээ. Ерөнхийлөгч байсан, ҮАБЗ-ийн дарга байсан офтейк гэрээг нууцлах бүх чиглэлийг нь өгсөн гээд байгаа Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг дуудмаар байна. Нодлин жил яг хүмүүс шуугьж байх үеэр гараад зугтаачихсан шүү дээ. Тэгснээ Хөгжлийн банкны сонсголоор бүтээн байгуулагчийн дүрээр орж ирсэн. Тэр хүнийг одоо заавал байлгах ёстой. Асууна шүү дээ. Асуумаар байна. Холбогдох сайд, дарга нар, тухайн үеийн шийдвэр гаргасан хүмүүсийг бүгдийг нь дуудах хэрэгтэй. Оролцуулахыг шаардах хэрэгтэй. Тэгж байж л арьсыг нь хуулна биз дээ.
-Анх 17 гишүүний нэр зарласан. Тэдгээр хүмүүсийн нэг нь ч энд алга. Намын даргатайгаа тохиролцчихсон гэсэн үг үү?
-Тэд чинь амьдралдаа нүүрс атгаж үзээгүй, хараа ч үгүй, нүүрс түлж үзээгүй болоод л явчихсан. Үнэхээр тийм бол тэр хүмүүс түүнийгээ яриад, сонсгоод цагаатгах ёстой биз дээ. Нөгөө талд бүгдийг нь авчраад яриулах хэрэгтэй биз дээ. Оролцсон ч бай, оролцоогүй ч бай. Үүн дээр ХҮН-ын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд УИХ дээр анх шүгэл үлээсэн. Энэ сонсгол дээр би бүтэн сууна. Түрүүчийн сонсгол дээр жижиг Тавантолгойн асуудлыг ярьсан болохоор байдлыг ажигласан. Энэ долоо хоног бүтэн сууна. Ийм болохоор өнөөдөр нүүрсний түр хороон дарга Б.Энхбаяртай ярьж байгаад өөрийнхөө саналаар 40 их наядыг танилцуулсан. Би танилцуулъя гээд. Тэгэхгүй бол энэ чинь хулгай биш болчих гээд байна шүү дээ. Бараг хулгай байгаагүй болчих гээд, үгүй юмаа. 40 их наяд хаанаас гарч ирсэн бэ гэдэг дөрвөн бүлэг асуудал байгаа. Нэгдүгээрт, үнийн зөрүүний асуудал. Хоёрдугаарт, тээвэрлэлтийн асуудал. Бөмбөлөг үүсгээд 1 тн нүүрсийг 400 ам.доллараар зөөж байсан үе бодьтой шүү дээ. Гуравдугаарт, бодитоор ямар хэмжээний нүүрс алга болчихсон юм бэ. Дөрөвдүгээрт, офтейк гэрээ. Ийм дөрвөн асуудлаар тухайн үеийнхээ мэдээлэлд үндэслэн тооцоолол хийсэн. Одоо яг тоонууд эхнээсээ мөргөөд эхэллээ. Зөвхөн биет хэмжээгээр нүүрс хэд алга болсон бэ гэхэд манай тооцоогоор 5.9 сая тн гэсэн бол одоо шинжээчдийнхээр 5.2 сая тн нүүрс гээд гараад ирж байна. Энэ чинь 2.5-2.6 их наядын асуудал гараад ирж байгаа юм. Тэгэхээр бодитой байдлаар мөргөөд явж байна. Сая би шинжээчээс асуухад нийт өгөгдлийн 20 хувийг шүүрдээд үзэхэд ийм асуудал гарч ирж байна гэдгийг баталгаажуулаад хэлж байна. Цааш нь шүүрдэх хэрэгтэй. Гэхдээ цаг хугацаа байхгүй л байх л даа. Үүний дараа офтейк гэрээний асуудал хамгийн том нь юм. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол УИХ дээр 18 их наяд төгрөгийн офтейк гэрээний асуудал байна гэж яригдаж байсан. Биднийхээр 6.9 их наяд гэдэг тоо гарч ирсэн. Яагаад гэвэл мэдээлэл нь байхгүй. Бид тухайн үед 2-3 офтейк гэрээ, төмөр зам, тэгээд ганц нэг зам дээр байгаа юм байна гэтэл явц дундаа ес болоод гараад ирсэн. Офтейк гэрээнүүдийг ил болгосны үр дүнд зарим гэрээнүүдийг цуцласан. Тухайн үед офтейк гэрээг жишээ нь, нүүрсээр төлбөрөө хийнэ. Нүүрсийг ЭТТ компаниас авна. Авахдаа дунджаар 50 ам.доллараар авчихаж байгаа юм. Гэтэл тухайн үеийн зах зээлийн үнэ нь 170-180 ам.доллар байсан шүү дээ. Ингээд хямдхан авчихаж байна шүү дээ. Үнээс үнийн зөрүү гарч ирж байгаа биз. Нөгөө талдаа тухайлбал, төмөр зам тавьсан байна. Нөгөөх нь мухар. Одоог хүртэл ашиглалт байхгүй. Гэтэл 1 км-ын үнэ нь тухайн үеийнхээ зах зээлээс 2-3 дахин өндөр үнэтэй байна гэсэн аудитын дүгнэлтүүд гараад ирсэн. Ийм байдлаар тооцоод явахаар 40 их наяд руу явна. Сүүлийн найман жилийн хугацаанд төрийн эрхийг хэн барьж байгаа юм. МАН биз дээ. Тэгвэл өнөөдрийн энэ нүүсрний сонсголтой холбоотой асуудал хэнтэй холбоотой юм. Ардын намтай холбоотой биз дээ. Тэгвэл энэ хүмүүсийн сонирхол аль болох хулгай гараагүй ээ, хулгай бага байх ёстой гэж итгүүлэх. Тэгээд бидний хийсэн тооцооллоор 40 их наядын хулгай байна гэхээр Доржханд гишүүнээ та худлаа яриад байна 40 их наяд чинь биш. 2-3-хан их наяд. Өнөөдөр бүр 1 их наяд болоод буучихлаа шүү дээ. Одоо тэгвэл бүгдээрээ тоогоо гаргаж ирээд сууя л даа. Санхүүчид байдаг юм бол санхүүчидтэйгээ гарч ирээд ярь л даа. Юм яриахаар л үгүй гээд зүтгээд байдаг.
-Үр дүн гарах болов уу?
-Үр дүнгээ өгчихсөн. Үр дүнгээ яаж өгсөн бэ гэхээр энэ сонсгол эхэлж, иргэд гадаа жагссаны хүчинд тэр офтейк гэрээнүүд ил болсон шүү. Дараа нь 18 их наядын гэрээнүүд цуцлагдаж, хулгайг бид урьдчилан зогсоож чадсан. Энэ бол ололт амжилт. Одоо бидний хүлээх үр дүн тэд зөндөө хулгайгаа хийж болно 2-3 жил шоронд суугаад л сайхан амьдардаг зүйлийг байхгүй болгох. Уучлаарай. Та хэн ч байлаа гэсэн дуудагддаг юм байна. Хулгайд оролцсон төрийн том дарга, улстөрч нь байна уу, бизнесийнхэн байна уу бүгдээрээ дуудагддаг хариуцлага хүлээдэг юм байна. Үүнээс хойш битгий ядарсан улсаасаа хулгай хийгээч ээ гэдэг ойлголтыг л өгөх нь гол ач холбогдол гэж ойлгоод байна. Тиймээс манай танай нам биш. Бүгдээрээ хариуцлага хүлээхийг л шаардах хэрэгтэй. Бүгд нэгдэж байгаад шүү.
-Та түрүүн хэлсэн. Ардын нам сүүлийн найман жил засаг барьж байгаа гэж. Гэтэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан МАН-ын ажлын хэсэг сонсголыг явуулж байгаа нь хэр шударга вэ. ЭТТ компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахгүй байна гээд та өнгөрсөн долоо хоногт явж байсан. Үүн дээр байр сууриа илэрхийлээч?
-Б.Ганхуягийг оролцуулъя гээд ярихаар нүүрсний сонсголыг саармагжуулах гэлээ. Нүүрсчид айж байна гэсэн байдлаар нүүрсний хэргийг хянан хэлэлцэх хороон дарга яриад байгаа юм. С.Ганбаатар гишүүнийг ярихаар дургүйцээд байж магадгүй. Өнөөдөр би 40 их наядыг тайлбарлахаар хажуу талаас 440 их наяд гэсэн гээд л бид хоёр нэг хүн шиг юм ярьсан болгоод, уучлаарай Ганбаатар гишүүн 440 их наяд гэж үндэслэлгүй хөөсрүүлсэн нь үнэн. Тэр хүн тусдаа. 40 их наядын хулгайн асуудал байна гэдгийг бид статистик магадлалын онолоор гаргаж ирсэн. Дандаа албан ёсны эх үүсвэр датан дээр гаргаж ирсэн гэдгийг иргэдэд сануулах байдлаар яриад байгаа нь энэ юм. Гэтэл Доржханд гишүүн та худлаа яриад байна. Ийм жаахан хулгай байсан байна гээд буулгах гээд байна шүү дээ. Б.Ганхуягийг оруулж ирээд сонсголоо хий. Тэр нөхдүүдээ бүгдийг нь авчир. Удаанжаргалыг авчир. Голомтын Баясгалан гэрээ байгуулсан хүн байна шүү дээ. Авчир. Авчир авчир гэхээр зорилго нь хулгайгаа багасгах, дээрээс нь гэрчүүдээ авчрахгүй байна шүү дээ. Яагаад вэ гэхээр шийдвэр гаргалтыг хэн хийсэн юм. МАН-ынхан эрх барьж байсан үед байхгүй юу. Би нэг зүйлийг хэлье. Хөгжлийн банкны сонсгол дээр намайг АН-ын нөхөд Доржханд гишүүнээ гараач ээ гээд байсан юм. Яах гэсэн юм бэ гээд. Тэгэхэд АН-ынхан хөгжлийн банкны хулгайд 70-80 хувьд оролцчихсон байсан. Одоо МАН-ыхан нүүрсний хулгайн 70-80 хувьд нь холбоотой. Би гарахгүй ээ. Би үүн дээр суугаад асуултаа асууна. Нам үл харгалзан аль аль нь 33 жил хулгай хийгээд хоорондоо тохиролцоод хариуцлага хүлээлгүй хөшигний ард явлаа. Тэгвэл УИХ-д нэг суудалтай нам орж ирээд хөшгийг нь зад хуулж, нээж өглөө шүү дээ. Тэгвэл одоо бүдээрээ үүнийхээ ард хамтдаа гарах ёстой. Намайг яаж ч харлуулж болно. Тооцоо гаргаж ирээд баримттай ярина гэхээр баримттай тооцоололтой ярих хүн алга. Тэгвэл тэр мэргэжлийн санхүүчдээ гаргаад ир л дээ гэхээр бас байхгүй. Тэгэхээр үүн дээр би хатуу зогсоно. Хоёрдугаарт, миний гол зорилго хэн нэгэнд хариуцлага тооцно гэхээсээ илүү дахиж хулгай гаргахгүй байх нь чухал юм гэсэн агуулгаар л хандаж байна. Түүхэнд нууцалж хулгай хийдэг, нууцалж гэрээ хийдэг зүйл байгаагүй байх. Цавчаа ногоон дээр нууцалж байгаад хийчихсэн. Офтейк гэрээг нууцалж байгаад хийчихсэн. Тэгвэл одоо ингэж болохгүй гэдэг зүйлийг хэлмээр байна. Ойлгуулмаар байна шүү дээ.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэрчээр оролцох ёстой юу. Тухайн үед гүйцэтгэх засаглалын тэргүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан шүү дээ. Оролцуулах ёстой юм болов уу гэж харагдаад байна л даа?
-Тэр хүнийг оролцуулах эсэх асуудалд Халтмаагийн Баттулга гэдэг хүний мэдүүлэг маш чухал болчихоод байгаа юм. Халтмаагийн Баттулга гэдэг хүн гэрчийн нэрсэд орчихсон байна. Халтмаагийн Баттулга гэдэг хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд чиглэл өгсөн. Гэхдээ тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг байлцуулах шаардлагатай гэх юм бол оролцож л таарах байх. Гагцхүү тэр Халтмаагийн Баттулга нь оролцох нь уу. ЭТТ компанийн Б.Ганхуяг нь оролцох нь уу. Энэ бүхэн нь тодорхойгүй байна л даа. Уг нь олон улсад парламентын хяналтын сонсголыг сөрөн хүчин хийдэг. Хууль нь тийм байх ёстой. Гэтэл манай хяналтын багийн есөн хүний тав нь эрх барьж байгаа намынх. Сөрөг хүчнийхнээ ярихаар микрофоныг нь байнга хаачихдаг. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд мушгиад ярьчихдаг. Юм ярихаар л тас загнаад байдаг. Энэ муухай зүйл нь парламентын сонсголын ач холбогдлыг буулгах вий дээ. Тэглээ ч гэсэн миний хувьд тууштай сууна. Асуудлуудыг сөхнө. Гаргана. Ярина. Ярилцана. Иргэддээ мэдээллийг ил тод өгөх энэ ажлаа нэр төртэйгөөр хийнэ. ХҮН-ынхан нүүрсний хулгайтай холбоотой гэсэн зүйл яваад байгаа юм билээ. Хэрвээ тийм бол баримтаа гаргаад ир. Магадгүй тэр олон мянган жолоочийн хэн нэг нь манай намын хэн нэгний ах дүү хамаатан садан байж болно шүү дээ. Хэрвээ тийм бол баримт гаргаад ир. Хариуцлага тооц. Гэхдээ уучлаарай ХҮН сүүлийн 33 жилийн хугацаанд засаглаж үзээгүй. Худал хулгайд оролцож үзээгүй. Үүнийг сөрж зогсдог, шүгэл үлээж байгаа. Сүүлийн гурван том хэргийг ХҮН гаргаж ирсэн шүү. Хөгжлийн банк, офтейк гэрээ, цавчаа ногоон бүгдийг шахаж гаргасан. Одоо бүгдээрээ энэ хулгайн ард хамтдаа гарна шүү. Ингэхгүй бол нам намаараа дамжаад өөр өөрсдийнхөө арьсыг хамгаалсан байдлаар хандах юм бол энэ ач холбогдол багатай болно шүү гэдгийг сануулъя.
С.ОТГОНБАЯР