"Нүүрсний сонсгол"-ын хоёр хэсгийн хуралдаан үргэлжилж байна.
Хянан шалгах хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Гүйцэтгэх захирлын албыг хамгийн анх хашсан Б.Энэбиш даргаас асуумаар байна. Таныг хэн томилсон юм бэ. Тухайн үед улс төрчид яаж шахалт хийдэг байсан бэ. Ямар хүмүүс байв?
ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш: Би Улсын их хуралд олон жил ажилласан. 1990-2001 он хүртэл ажилласан. Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн хэлтсийн зөвлөхөөс Тамгын газрын дарга, орлогч дарга болтлоо ажиллаж байсан. Үүний дараа дипломат алба хашсан. Түүний дараа 4 жил орчим гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажилласан. Түүгээрээ уул уурхай, геологийн ажлын туршлага хуримтлуулсан. Тэр үедээ 2-3 компани ч удирдаж байсан. Тэр үе ч монголын уул уурхайн алтан үе гэж яригддаг. Тэр ч үнэн. Хэн энэ ажлыг санал болгосон бэ гэвэл миний хажууд сууж байгаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ ажлыг надад санал болгосон. Бид Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газар нэг хэсэг хамт ажилласан. Бие биенээ сайн танина. Эрдэс баялагийн яаманд 2008 оны арванхоёдугаар сарын эхээр УИХ-д 40 дүгээр тогтоол батлаад, Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөе гэсэн хамтарсан Засгийн шийдвэр гарсан юм билээ. Миний ойлгосноор Д.Зоригт сайд ийм шийдвэр гарлаа үүнийг авч явах нэлээд хүмүүсийг судаллаа. Түүн дотор та байна гээд санал болгосон. Би хэд хоног бодож байгаад зөвшөөрсөн. Тухайн үед С.Баяр дарга ерөнхий сайд, Шадар сайд Н.Алтанхуяг энэ хоёр хүнийг сайн танина. С.Баяр даргыг Төрийн байгуулалтын байнгын хороон дарга байхад би зөвлөх байсан. 90-ээд оны сүүлчээр С.Баяр дарга Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхад би Их хурлын тамгын газрын даргын албыг хашдаг байсан. Ажил хэргийг харилцаа холбоотой бие биеэ сайн мэдэх хүмүүс.
Хоёрдугаарт, улстөрчдийн шахаа байсан. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан. 2010 оны зун өмнөх тогтоол дээрээ Тавантолгойн ордын тухай дэлгэрэнгүй гаргасан. Үүний үндсэн дээр Засгийн газраас нэлээд олон тогтоол шийдвэр гаргасан байдаг. Энэ хүрээнд манай үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. 2010 оны наймдугаар сард Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлхэд Эрдэнэс Монгол лиценз эзэмшигч байсан учраас 2011 оны долдугаар сард бид хөрс хуултаа эхлээд экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон байсан. Засгийн газраас шахаа байсан гэж хэлнэ. Засгийн газар нь өөрөө сонгуулиар хоёр нам нэгдээд Хүний хөгжлийн санд Монгол Улсын иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад мөнгө өгнө гээд амлачихсан. Хүний хөгжлийн сангийнхаа хуулийг, төсвийг батлаад ЭТТ, Эрдэнэс Монгол Эрдэнэт компаниуд дээр ийм мөнгө оруул гэсэн. Энэ бол хууль тогтоомжийн хүрээнд өгсөн шахаа гэж томъёолж болох юм даа. Ийм л хүрээнд бид ажлаа эхэлсэн. Энэ хүрээнд ажлаа эхлүүлэхийн тулд том далайцтайгаар эхлүүлэх шаардлагатай болсон. Хувь улстөрчдийн хувьд ямар шахаа байсан бэ гэж байх шиг байна. Тухайн үед зөндөө л дарга, сайд ярьдаг байсан. Дарга, сайд найзуудтайгаа уулзаж учраад зөндөө ярьдаг байсан. Ажлаа өгсний дараа би бодож байхад гишүүдээс 30 гаруй нь утсаар холбогдсон ч юмуу, дуудаж уулзаж байсан ч юмуу, тааралдаад ярьж байсан ч юмуу тийм зүйл байдаг л юм. Гэхдээ түүнд хууль тогтоомж ингэж зөрч, тэгж зөрч гэсэн зүйл байгаагүй. Найз нөхдийн хувьд, танилын хувьд гуйж байсан зүйлүүд бий. Нэрсийг нь энэ олон жилийн дараа мартжээ.