Цаг үеийн мэдээ

“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн хоёр дахь өдрийн үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Үүнд нүүрс баяжуулах үйлдвэр, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил сэдвээр хуралдлаа. 

Шинжээч: Нийт борлуулсан нүүрсний үнийн зөрүүнээс 34.1 сая ам.долларын боломж алдагдсан. 

Хянан шалгах хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Офтейк гэрээг мэдэж байсан уу. Есөн гэрээ байсны нэг нь нүүрс баяжуулах үйлдвэр. Ажил хийгдээгүй. Төмөр замыг яагаад бариагүй вэ гэдгийг бид ойлгочихлоо. Юу вэ гэхээр маш олон хүн машинтай тээвэр хийгээд богинын тээвэр дээр л 1 тн нүүрснийг 150-180 ам.доллараар зөөгөөд байсан. Ийм ашигтай бизнес байхад юу гэж төмөр замаар 8 ам.доллараар зөөх юм бэ? 

Түүхий чигээр нь нүүрсийг гаргахад 70 ам.доллараар л зарагддаг юм байна. Гэтэл угаагаад гаргахад 2-3 дахин үнэ өсөх боломж байсан. Одоо ч бидэнд байгаа. Энэ нь өөрөө дундаас нь мөнгө унагах, цавчаа хийх улстөрчдийн холбоо хамаарал бүхий компаниудын эрх ашиг зөрчигдөх болохоор гацаагаад байдаг уу. Тэгэхээр үүнд тайлбар өгөөч?

ЭТТ компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран: Үйлдвэр баригдахгүй байх 2-3 шалтгаан бий гэж харж байгаа. ЭТТ компани өөрт нь оруулах тогтвортой хөгжлийг хангахыг чиглэсэн үйл ажиллагааг яагаад хийдэггүй байсан бэ гэвэл би бас хардаж байгаа. Гүйцэтгэх ажилд оролцож буй энэ олон намын дарга нар тоног төхөөрөмж авдаг юм болов уу даа гэж харж байгаа. Олон улстөрчтэй. ЭТТ компани өөрийн тоног төхөөрөмжтэй болох, зардлаа бууруулах нь эргээд тэдний бизнест нь сөргөөр нөлөөлдөг юм болов уу. Хоёрдугаарт, угаах үйлдвэр баригдвал ЭТТ компанийг алсуураа хувьчилж авах бодолтой бизнес бүлэглэлийн төлөвлөгөө, зорилгод нь саад учруулах юм болов уу гэдэг хардалт мэргэжилтэн хүний хувьд байдаг.     

ЭТТ компанийг хөгжүүлэхгүй байх шалтгаан асар их байгаа. Нөгөө талаас офтейк гэрээг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн. ТУЗ-ийн хурал болгон дээр би хэлдэг байсан. Нууцад байгаа гэрээнүүдийг нууцаас гаргаач ээ. Төмөр зам ч юмуу технологийн нэвтрүүлэлттэй танилцъя гэхээр миний хэл амнаас болсон байж магадгүй. Инженер хүний хувьд ёс зүйн асуудал байх ёстой. Заавал үнэнийг хэлэх ёстой. Шаардах юмаа шаардана. Энэ гэрээнүүдийг намайг ТУЗ-өөс гаргаж байгаад хийсэн гэрээнүүд. Бүх цаг үеийн хараат бус гишүүдийг авчирч асуугаасай гэж бодож байна. 2016 оноос өмнөх бүх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү гэдгийг хэлье. Компанийн өмнөх түүхтэй танилцах гэтэл байхгүй. ТУЗ-ийн бүх протокол юмнууд байхгүй болчихсон байсан. Эсвэл устгачихсан юмуу надад үзүүлээгүй. Надад байхгүй гэж хэлсэн. 2016 онд хийсэн гэрээг олж хараасай гэж шинжээчдээс хүсч байна. Би гуравдагч этгээдэд нууцыг задруулбал 200-500 дахин нугалж төлнө гэсэн аймар аймар заалттай зүйл харагдаж байсан. Би түүнийг нь ярьчихвал улс эх орноо хохироочиж магадгүй байх гэж бодож байна. Үүн дээр боломж олдсон дээр Ти Ти Жи Өү компанийн гэрээг сайн шалгаач ээ гэж хүсмээр байна. Ти Ти Жи Өү компани маш өндөр үнээр ажил гүйцэтгэдэг. Товчхон дүгнэлт хэлэхэд ийм байна. 

ЭТТ компанийн Төслийн газрын дарга Ц.Анх-Од: Баяжуулах үйлдвэрийн төслийг Засгийн газраас тусдаа 110 гэж тогтоол гаргаад 24 сарын дотор хэрэгжүүлэх үүргийг өгсөн. төслийн хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд гэрээ хийгдээд түүнээс хойш ажиллагаа хийгдээд одоогоор баталгаажсан гүйцэтгэл 65 хувь байна. Баталгаажуулаагүй гүйцэтгэлээр 75 хувийн гүйцэтгэлтэй яваа. Төсөл анх гүйцэтгэсэн хуваарийн дагуу 2024 оны зургадугаар сард ашиглалтад орохоор төлөвлөөд явж байна. Гэхдээ зургадугаар сараас хойш туршилт тохируулгын ганц хоёр сарын асуудал байгаа. 

Шинжээч: Офтейкт авсан тухай ЭТТ компаниас хариулах байх. Офтейкоос гаргасан тухай 2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 383 дугаар тогтоолоор компанид онцгой дэглэм тогтоосон бөгөөд төлбөрийг ашигт малтмал түүхий эдээр төлөх нөхцөлтэй офтейк гэрээ байгуулахыг зогсоох арга хэмжээ авах тухай гэдэг тогтоол шийдвэр гарсантай холбоотой офтейк гэрээнүүдийг ил болгосон.     

ЭТТ компанийн Хараат бус гишүүн П.Өлзийнаран: Би уурхайн мэргэшсэн эдийн засагч. Үе дамжсан мэргэжилтэй. ТУЗ-өөс гарсан шалтгаан хамгийн сүүлд болсон ТУЗ-ийн хурал төмөр замтай холбоотой болсон. Наранцогт дарга 2016 оноос хойш надтай хамт ТУЗ-д суусан. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга байсан. Би хараат бус гишүүний хувьд Наранцогт гишүүнийг Сангийн яамтай холбоотой учраас байнга суухыг шаарддаг байсан. Заримдаа ирнэ. Ирэхгүй нь их. ТУЗ-ийн гишүүд нь шулуухан хэлэхэд дарга нарын ах дүүс, хамаатан садан, туслахууд л байсан. Тэд ирэхээ больсон. Хараат гишүүд нь хүртэл ирэхээ больсон. Тэгээд би иймэрхүү байдалтай ажилд хандах юм бол би энэ ТУЗ-д байх шаардлагагүй юм байна гэдэг саналыг тавьсан. Тэр үед яг энэ том том гэрээний төслүүд орж ирж байсан үе. Шаардлагуудыг хүлээж авахгүй, нууцын зэрэглэлтэй. Материалуудаа нууцын зэрэглэлтэй гээд бүрэн гүйцэт үзүүлэхгүй. Иймэрхүү нөхцөл байдалтай байсан учраас ТУЗ-өөс гарсан. 

Хардлага гэдэг нь гүйцэтгэгч компаниудын зардлыг бууруулаач гэдэг саналыг би бүх хурал дээр тавьдаг байсан. Зах зээлийн түвшинд аваачаач ээ гэж. ЭТТ бол үр ашиггүй биш маш үр ашигтай төсөл. Угаасаа мундаг төсөл. Гэхдээ бид үүний үр ашгийг бүр нэмэгдүүлэх боломж байсан. Зардлыг бууруулж өгөөжийг нэмэгдүүлэх. Нэг хэсэг нь баяжмалын үйлдвэр. Урсгал тээврийн системийг оруулчихсан бол бид тээврийн зардлыг маш их хэмнэнэ. Энэ компани ирээдүйд маш тогтвортой хөгжинө гэсэн үг. Ийм саналуудыг тавьдаг байсан. Энэ бүхнийг гацаах сонирхол гэхээр мэдээж би машинтай байсан бол миний машин явж л байвал тэр урсгал тээврийн систем, конвер тээвэр нэвтэрчихвэл миний машин явахаа болих учраас надад ашиггүй. Тиймээс тэр гүйцэтгэлд оролцож байгаа тэр олон хүмүүс тодорхой хэмжээгээр эсэргүүцдэг байх гэж би харддаг. Тэгээд ТУЗ дээр зардлыг бууруулах зарчмын шаардлагууд хэрэгжихгүй байсан учир үүнийгээ хардлага гэж хэлж байгаа юм. Үүнийгээ би маш олон удаа хэлсэн. Бас нэг хүсэлт байна. 2016 оноос өмнөх протоколыг гаргаж өгөөч. Олон нийтэд танилцуулаач. 2016 оноос хойш гарсан протоколуудыг бас ил гаргаж өгөөч. Миний хэлсэн зүйлүүд бүгд тэмдэглэгдсэн байх учиртай гэж хүсч байна. 

Хянан шалгах хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Ганбат: Яг нэр усаар нь хэлээдэх?

ЭТТ компанийн Хараат бус гишүүн П.Өлзийнаран: Би санаж байгаагаа хэлье. 2-3 ТУЗ гэхээр 30-40-өөд хүн солигдсон байх. 2016 оноос өмнөх материалаа устгаад явсан ТУЗ-ийн гишүүд хэн байсныг би мэдэхгүй байна. 2016 оноос хойш АН-аас Бурмаа гишүүн суусан. Төмөр замын ТУЗ-д бас суусан. Болорчулуун гишүүний дүү Болор-Эрдэнэ суусан. Гэхдээ тэр нэлээд шударга залуу байсан. Өндөр зарчмын шаардлага тавьдаг байсан. Дарга нарын зөвлөх туслах хүмүүс их байсан. Ихэвчлэн хуульч нар сууна. Тулгамдаад нэр нь орж ирэхгүй байна. Би хараат бус гишүүн байсан учир ТУЗ-ийг төлөөлж ярих эрхгүй байх гэж харж байна. Би хараат бусаар өөрийнхөө мэргэжлийн зарчмын шаардлагыг тавьж ажилладаг байсан. Одоо би ТУЗ-д байхгүй. Яригдаж байгаа гэрээний хувьд би ТУЗ-өөс гарсан учир мэдэхгүй. 

ЭТТ компанийн дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын захирал Мөнхжаргал: ЭТТ компани нээлттэй хувьцаа нь арилжаалагддаггүй. Хувьцаат компани. Төрийн өмчит мөн. Хувьцааны эзэмшлийн хувьд нийт хувьцааны 81.5 хувийг Эрдэнэс Монгол буюу төр эзэмшдэг. 2.5 сая иргэн нийт хувьцааны 18.4 хувь, 486 аж ахуйн нэгж нийт хувьцааны 0.06 хувийг одоогоор эзэмшдэг. 2020 онд нэг удаа хувьцааны ногдол ашиг тараасан. Цаашид бид ногдол ашгийг тогтвортой жил бүр олгодог байх гарц гаргалгаан дээр судалгаа хийгээд ажиллаж байна.  

 

С.ОТГОНБАЯР    

Таны сурталчилгаа