“Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь хэсгийн гурав дахь өдрийн хуралдаан эхэллээ.
Шинжээч: Тавантолгой түлш ХХК-иас Зерован ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагдаж, улмаар иргэн Ө.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. Ө.Ууганбаяр нь Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь Улсын бүртгэлийн газрын лавлагаар нотлогдсон болно.
Хяналтын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Актлахаар санал оруулж байгаа эргэлтийн хөрөнгөд 2019 онд худалдан авснаас үлдсэн 868 тн гурил, 2021 онд худалдан авсан 160 тн буюу 120 сая 840 мянга 860 төгрөгний гурил байна. Энэ нь тухайн үед сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаар туршилтаар ашиглахаар авч байсан боловч ашиглаагүй. Зориулалтын бус агуулахад гурван жил хадгалсны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдож дүгнэлт гарсан. Энэ мэдээлэл дээр тайлбар авъя.
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий менежэр Алтансүх: Чанарын хувьд сайжруулсан түлшинд нарийн горим байхгүй. Мидлинг 95-96 хувьтай, барьцалдуулагч бодис 4-5 хувьтай ордог. Түлшний чанарын элементийн үзүүлэлт болон чанарын үзүүлэлтийг манай Тавантолгойн түлш компани өөрийн лаборатори болоод хөндлөнгийн химийн хүрээлэн, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын лаборатори, олон лусын итгэмжлэгдсэн лаборатори ЭС Жи Эс, АМГТГ-ын лабораториудад байнгын шинжилгээ хийж явдаг. Үүн дээр техникийн үзүүлэлт болоод элементийн шинжилгээн дээр өөрчлөлт гарч буй зүйл огт байхгүй. Анх техникийн үзүүлэлт, элементийн шинжилгээ ямар байсан тэр хэвээрээ гарч байгаа.
2020-2021 онд хил гааль хаалттай цар тахлын үед урдаас барьцалдуулагч материал тээвэрлэхэд хүндрэл гарч тасалдах эрсдэл үүсч байсан. Яг тэр үед техникийн гурилыг барьцалдуулагч материалын оронд хэрэглэхээр авч туршилтаар хэрэглэж үзээд олигтой үр дүн гараагүй. Тиймээс агуулахад 2-3 жил хадгалагдаад техникийн шинж чанар нь өөрчлөгдсөн учраас актлахаас өөр аргагүй болсон.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: П.Амарцэцэг та хэдээс хэдэн онд Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна вэ?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг: 2018-2021 он хүртэл ажилласан.
-Шинжээчийн дүгнэлтээр Зерован ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагдаж, улмаар иргэн Ө.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. Энэ Ө.Ууганбаяр нь таны гэр бүлийн хүн гэдэг нь баримтаар нотлогдсон байна. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Тухайн үед санхүүгийн программ шалгаруулах тендер зарлах үнэлгээ өндөр байсан. Энд худалдан авалтын материалууд, үнийн харьцуулалтыг оруулсан бол диамонд программ 40 сая төгрөг байсан. Тэгээд аргагүйн эрхэнд санхүүгийн бүртгэлээ хөтлөхийн тулд программ авахаар болсон.
-Танай компаниас таны гарын үсэгтэй мөнгө гарч, таны нөхрийн дансанд орсон тухай та юу хэлэх вэ?
-Үнэхээр авах программ тэр үед олдоогүй. 10 сая дотроо худалдан авах ханш зарлагдсан болохоор программ авсан.
Хянан шалгах хорооны гишүүн Г.Ганболд: Тавантолгой түлш ХХК нь яг одоо 990 тэрбум төгрөгийн өртэй. ЭТТ компаниас 1 их наяд төгрөг авчихсан. Маш их үрэлгэн, бичиг баримтууд алга болдог зүйлүүд их байна. Хэд хэдэн компиас 20-23 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Энэ яг ямар шалтгаантай юм бэ?
Шинжээчээс асуухад хятадын хэд хэдэн компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум төгрөгөөр баахан барьцалдуулагч авчээ. 6.8 тэрбум, 3.2 тэрбум төгрөг гээд. Эдгээрийн тендерийн материалыг үзсэн үү. Тендерээр явдаг уу?
Компани асар их алдагдалтай байхад ТУЗ нь өөрсдийгөө өчнөөн тэрбум, сая төгрөгөөр шагнасан байна. Хамгийн дээд тал нь нэг хүн 125 сая төгрөг авсан байх юм. Гэтэл компани нь 1 их наядын алдагдалтай. Юу хийсэн гэж энэ хүмүүс өөрсдийгөө шагнаж байгаа юм бэ?
Шинжээч: Эдгээртэй холбоотой баримт материалыг авах гэсэн боловч АТГ-т шалгагдаж байгаа гэдэг үндэслэлээр баримт материалыг ирүүлээгүй. Хоёрдугаарт, зарим худалдан авалт Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Тагнуулын ерөнхий газрын албан тоот, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тоотыг үндэслэн шууд худалдан авалт хийсэн байна.
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Нуль алдагдал байж өөрсдийгөө шагнасан. Үндэсний аудитын газар нь үүн дээр зөрчилгүй гээд дүгнэлт гаргачихсан. Монгол Улсын Үндэсний аудитын газар. Ямар ч санхүүгийн тайлан, баримт байхгүй. Бүгд тендергүй явдаг. Ерөнхий нягтлан нь нөхрийнхөө дансанд мөнгө хийчихсэн.
ТУЗ хэдэн төгрөгөөр шагнасныг жагсаалтаар үзүүллээ.
Ж.Батбаясгалан 54 сая, Л.Одхүү 25 сая, Б.Насантогтох 53 сая, Л.Гүнбилэг 115 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Д.Цагаан-Өвгөн 27 сая, О.Одбаяр 78 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78 сая, П.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 38 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21 сая, Б.Сүндаръяа 8.6 сая, Ч.Дэнчингалсан 43.8 сая. Нийт дүнгээрээ 1.1 тэрбум төгрөгөөр ТУЗ-ийг шагнасан байна.
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 2019-2023 онуудад Тавантолгой түлш ХХК-д СБМ Хангай ХХК нь 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн. Энэ компанийн хамаарал бүхий этгээд нь өөрөө Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-д сууж байгаа Л.Одхүү. Л.Одхүү нь Гаалийн ерөнхий газрын санхүүгийн албанд ажиллаж байсан. Эхнэр нь Б.Оюунзул нь Алтан хот ББСБ-ыг үүсгэн байгуулсан. Энэхүү ББСБ-ын хувьцаа эзэмшигч нь Бадамжунайгийн охин Оюунбилэг, Ж.Батбаясгалан нар байна. Өөрөөр хэлбэл эдгээр нөхөд нэгдмэл сонирхолтой гэдэг нь үүгээр нотлогдож байна.
З.Сырынбек нь танай компанийн ТУЗ-ийн гишүүн ЭТТ компанийн албаны дарга Х.Нурлат нар хамтран компани эзэмшдэг. Х.Нурлат ЭТТ компанийн юуны дарга байлаа даа. Одоо хэрэг үүсээд Казакстанд хороолол барьсан гээд байгаа нөхөр шүү дээ. Энэ хоёр Онлайн ложистик гээд тээврийн компанитай.
Хянан шалгах хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 83 тоот гэрээ яагаад амжилтгүй болоод санхүүжилт нь дундаасаа гацчихав. Дараа нь шинжээчид үүнийг тодруулаад өгөөрэй.
Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: Миний бие 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр ажлаа хүлээлгэн өгсөн. ажлаа өгөхдөө санхүүжилтийн гэрээг байгуулаад, бохирдлыг 80 хувь бууруулах боломжтой гэж хэд хэдэн бичиг баримтат тусгасан. ТЭЗҮ-ийг нь хийж өгөөд ажлаа хүлээлгэн өгсөн. Тухайн үед намайг байхад санхүүжилт орж ирээгүй.
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий менежэр Алтансүх: Анх баталсан төслийг хийхэд зүүн үйлдвэрийн хашаан дотор металлургийн кокс, баяжуулах үйлдвэрийн төсөл явж байсан боловч сүүлд Засгийн газрын тогтоолоор шийдвэрүүд өөрчлөгдөж, зүүн үйлдвэрийн хашаанд баяжуулах үйлдвэр барих шийдвэр нь үлдсэн. Коксын үйлдвэрийг 2022 онд дэд сайд С.Амарсайхан, ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар Багануурын уурхай дээр хийхээр болоод ТЭЗҮ нь батлагдаад Уул уурхайн яаман дээр хийгдээд явж байгаа. Нүүрс химийн цогцолборыг Багануурын уурхайд хийх шийдвэр гараад тэнд ашигладаггүй хоёр барилгад засвар үйлчилгээ хийгээд, коксын үйлдвэрийн хувьд хөрөнгө оруулалт нь тийшээ явсан. Баяжуулах үйлдвэрийн хувьд төмөр зам, ус зэрэг дэд бүтцийн ажлуудад 40 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Хянан шалгах хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг та урамшуулалд авчээ. М.Ганбаатар захирлаа энэ нь яг хэдэн төгрөг вэ?
Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: ТУЗ-ийн тогтоолоор нийт 40 сая орчим төгрөг тооцож олгогдсон. Үүнийг би тухайн үед үйлдвэрлэлийн цех дээр харилгүй 20-иод хоног ажилласан гагнуурчин Ганзоригийн байрны урьдчилгаанд шилжүүлсэн. Шууд компанийн данснаас шилжүүлсэн.
Хянан шалгах хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Үйлдвэрийнхээ худалдан авалтын мэргэжилтэн Тулгабат руу мөнгө шилжүүлээд байдаг. Тоног төхөөрөмж, ажлын хөлс, гагнаасны төлбөр, дотоод томилолт, савлагааны ажлын хөлс, гаалийн бүртдүүлэлт гээд шилжүүлсэн. Дараа нь Жавхлан зүүн үйлдвэрийн ерөнхий инженер рүү мөнгө шилжүүлээд байсан. Үүний нийт дүн 4.8 тэрбум төгрөг болж байна. Энэ ямар учиртай ийм их мөнгө шилжүүлээд байдаг юм бэ?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан П.Амарцэцэг: Тулгабат, Жавхлан хоёр нь тухайн үед хилээр орж ирж байгаа барьцалдуулагчийн гэрээг хийдэг байсан. Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мөнгө энэ хоёр хүний данс руу ордог байсан гэсэн үг. Дараа нь гаалийн бүрдүүлэлтийн маягтаар тооцоогоо хаадаг байсан. Энэ бүгд гаальд тушаагдсан анхан шатны баримтаараа нотлогдож байгаа.
-Яагаад худалдан авах ажиллагааны газар руу биш хувь ажилтны дансанд мөнгөө хийгээд байсан юм бэ?
-2019 онд барьцалдуулагчийг хятадаас оруулж ирж байсан. Хил дээр Тавантолгойн нэр дээр гаалиар орж ирэхэд гаалийн бүрдүүлэлт болон татварыг төлдөг байсан. Үүнд манай ажилчид мөнгөө бэлнээр нь төлөөд баримтаа авдаг байсан.
С.ОТГОНБАЯР